КИНО БОЛ УРЛАГ: MYTH OF MAN

Жинхэнэ арт киноны сонгодог жишээ “Myth of Man” киног хүн бүр заавал үзэх ёстой гэмээр байна. Энэ бол “хичээл” гэж хэлж болохоор бүтээл.

Арт кино гэж та юуг ойлгодог вэ? Арт-хаус гэх төрлийг товчхондоо  “үзэгч ойлгохгүй” кино гэж хэлж болохоор, уучлаарай. Кино найруулагч, зохиолчийн үзэл санаа, харах өнцөг, хэнээс ч шүүмжлэл үл хүлээж авах гэсэн итгэл үнэмшилтэй нь хийгддэг энэ төрлийн кинонуудыг хүн болгон ойлгож, таашааж үзэх нь ховор байдгийг үгүйсгэхгүй биз. Арт-хаус гэхээрээ харанхуй, хүнд, нэг л сэтгэл дарсан, бараан, үл ойлгогдох зураглал, удаан дүрслэл шууд төсөөлөгдөж байгаа байх. Ийм болтол нь үзэгчийг айлгасан нь кино бүтээгчид өөрсдөө шүү дээ.

Тэгвэл кино яагаад арт буюу урлаг вэ гэдгийг жишээ болгож харуулах кинонд “Myth of Man” орох ёстой. 

Энэ кино огт яриагүй кино. Нэг ч үг энэ кинон дээр сонсогдохгүй. Киноны гол дүр болох хэлгүй, дүлий Эллагийн ертөнцөөр үйл явдал өрнөдөг болохоор та түүнтэй л адил юуг ч сонсох, бас ярих шаардлагагүй. Огт тайлбар текстгүй бүхэл бүтэн киног үзэж дуусгана гэхээс бүү төвөгшөөгөөрэй. Эсэргээрээ энэ маш гайхамшигтай шийдэл болохыг та киног эхлүүлсэн цагаасаа л мэдрэх болно.

Дүрүүдийн жүжиглэлт, биеийн хэлэмж, царайны хувирлаар бүх үйл явцтай сэтгэл нийлүүлэн урсах боломжийг энэ кино өгч чадна. Мэдээж киноны хөгжим, дууны эффектийг орхигдуулж болохгүй. Найруулагч өөрөө хөгжим, дуун дээрээ ажилласан нь магадгүй түүний хүргэхийг хүссэн мэдрэмжид хамгийн дөхөж очсон байх. Эхний хичээл: арт-хаус кино үг яриагаар биш дүрслэлээр хүүрнэдэг. Уран зураг шиг. Уран зураг өөрөө тэрхэн мөчид гацсан нэг кадр бол та үргэлжилсэн хэдэн зуун мянган кадр дунд аялах болно.  

Уран зураг шиг гэснээс энэ кино гар зургийг маш донжтой хослуулж өгсөн. Зохиолын хувьд Элла авъяаслаг зураач байдаг. Зураач гэдэг нь мэргэжил гэдэг утгаараа биш тэрээр өөрийгөө зургаар, дүрслэлээр илэрхийлдэг гэдэг талаараа илүү хүчтэй орж ирж байгаа юм. Энэ кино тэр чигтээ уран зөгнөлт, төсөөллийн орчинд өрнөнө. Энэ хийсвэр ертөнц,  дахиад энэ ертөнц доторх хувь хүний мэдрэмж, төсөөлөл, тэгээд амьдрал үхэл хоёрын завсрын орчин гээд сэтгэмж доторхи сэтгэмжийг давхар давхар нямбай гаргасан нь арт-хаус киноны дүрслэлийн онцлогийг тод товруун үзүүлж чаджээ. 2D болон 3D хослол, график, зураг авалтын нийлэмжийн цогц дүрслэл. Энэн дээр нэмэлт тодотгол хийхэд киноны жижиг хэрэглэл, хувцас, хөгжим, дууны дизайн болон 3,500 орчим дүрсний эффектээ бүгдийг гараараа урласан гэж кино найруулагч нь хэлсэн байна лээ.

Энэхүү киноны найруулагч Жамин Уинансын нэг онцлог бол тэрээр өөрийнхөө бүтээлийн зохиол, найруулгаас эхлээд эвлүүлэг, зураг авалт, хөгжмийг өөрөө гүйцэтгэдэг бие даасан уран бүтээлч. Энэ кино ч түүний үүсгэн байгуулсан Double Edge Films-ийн ээлжит бүтээл. Гэхдээ түүнийг ганцаараа гэж бодож болохгүй. Түүний эхнэр “Myth of Man”-ийн продюсер Киова Уинанс бол зөвхөн продюсерээс гадна киноныхаа хувцас дизайн,  зураачийн ажлуудад оролцож, дүрсний эффектүүд дээр ажиллажээ. Энэ хоёр бол гар нийлсэн хүчтэй уран бүтээлч хос болохыг энэ кино нь баталж байна. Арт-хаус нь ихэвчлэн хувь уран бүтээлчийн бүтээлч ажил байдгийг энэ киноны найруулагч, продюсерүүдээс жишээ татаж болох нь.

Дараагийн хичээл: зохиол агуулга. Арт-хаус энгийн сэдэв дээр төвлөрөхгүй дээ. Энгийн зүйлээс гүн гүнзгий философи гаргаж ирж бол чадна. Хүний дотоод мөн чанар,  түүний оршихуй дээр тоглодог арт киноны үндсэн шинжийг ухаж төнхөх шаардлагагүйгээр “Myth of Man”-аас хараарай.

Энд сюрреализм байгаа. Логик сэтгэлгээний гажуудал, домгийн өгүүлэмж, этгээд сонин өнцгүүд, ид шид, итгэл үнэмшлийн илэрхийлэмж гээд сэтгэлгээний хязгаарыг хэрхэн давж болох төгс хувилбар. Тэгээд энэ бас авангард кино. Зохиолын бүтцийн хувьд дүрэм зөрчигдөөгүй гэж болно. Гэхдээ илэрхийлэл дүрслэлийн хэвшмэл зарчмыг утгаар нь эвдчихсэн. Уламжлалт арга барилыг маш амжилттай эвдэхэд авангард урлаг тодорч гарч ирдэг. Кино урлаг зөвхөн зураг авалтаас хальж, график байгуулалтуудаар баяжиж эхлээд удсан ч дүрслэлийн олон арга техникүүдийг яаж хоршуулж, яаж ашиглаж болох содон туршилт ч гэж энэ киног хэлж болох юм. Сэтгэл хөдлөл, дотор мэдрэмжийг илэрхийлэхэд дөхөж очихыг хичээсэн туршилт.

Энэ мэт энэ кинон дээр хэлэх олон тодотголууд хөврөх болно. Гэхдээ бүгдийг нэгд нэгэнгүй нуршиж, ийм тийм гэж энд дүгнээд яахав. Үзэгч өөрөө бодож тунгаах орон зайг ч арт кино үлдээх ёстой.

Урлаг бол мэдрэмж. Мэдрэмжийг төрүүлэх гэж арт кино байдаг. Кино урлаг дотор хэзээ ч орхигдож болохгүй төрөл нь. Үгүй ээ, би урлаг ойлгодоггүй ээ гэж болох юм. Урлагийг ойлгох албагүй. Зүгээр л мэдэр. Зүгээр л “Myth of Man”-ийг анхааралтай үзээд үз. Танд кино урлагийн зах зух мэдрэгдэх болов уу.

Undrari, 2025.11.27