Ballad of a Small Player: Энэ бол жинхэнэ баллад

 “Ballad of a small player” (Жижиг тоглолгчийн баллад) киног хоёр удаа давтаж үзлээ. Заавал давтаж үзэх ёстой байсан юм. Уйтгарыг ийм уянгалаг өөгшүүлж болох уу? Цөхрөл ийм дотогшоогоо мөртлөө ил тод байж болох уу? Энэ бол оршил байхгүй эмзэглэл. Энэ бол жинхэнэ баллад.

Кино эхлэхээсээ шууд л сэтгэл хөдлөл рүү орно. Кино зохиолыг бичих эхний дүрэм байдаг: Дотоод сэтгэл хөдлөлийг биш дүрсэн дээр буух дүрслэлийг л бич! Харин энэ кино тэр чигтээ дотоод сэтгэл хөдлөл. Тэрийг яаж дүрсэлсэн гэдэг энэ киног онцгойруулж байгаа юм. Киноны үйл явдал казиногийн донтсон тоглогч эцсийн үлдсэн мөнгөн дээрээ хэрхэн бооцоо тавьж байгаагаар эхэлдэг. Энэ бол байж болох л үйл явдал. Байдгаа барсан донтогчийн л нэг дүр. Харин энэ дүрийн дотор орно гэдэг киноны үйл явдлаас өөр зүйл.

“All Quiet on the Western Front”, “Conclave” киноны дараа найруулагч Эдвард Бергер “Ballad of a small player”  киног хүргэж байна. Түүний бүтээлүүдээс харахад тэрээр Европын кино урлагийн хамгийн нарийн мэдрэмжтэй найруулагчдын нэг гэдэг нь эргэлзээгүй. Киноны жүжигчдийн тоглолт, өнгө гэрэл, зураг авалтын байршлууд, деталиар харуулж байгаа дүрслэлүүд, зураг авалт тэр чигтээ, эдгээрийн уялдаа, нийлэмж бүгдийг базаж чадсан нь найруулагчийн ур чадвар биз. Киноны хөгжмийг дурдахгүй бол яагаад ч болохгүй. Хөгжмийн хэмнэлд урсах кино тэр чигтээ баллад байв. Энэ бол нуар кино, гэхдээ тод гэрэлтэй нуар. Гэхдээ би сонгомол баллад кино гэж нэрлэмээр байна.

Кинонд Лорд Дойл хэмээх Ирланд луйварчны түүх гарна. Энэ дүрийг жүжигчин Колин Фаррелл үнэхээр амилуулсан. Дотортой дүр гэж энийг л хэлэх болов уу. Гадагшаагаа биш дотогшоогоо хамт жүжиглэж байгаа тэрээр царайны хувирал, үйл хөдлөл, биеийн хэлэмж бүгдээр нь өөрийн дүрээ нарийн зурж байна лээ. Дотор мэдрэмжийг зурж болдгийг сануулав.

Киноны үйл явдал казиногийн ертөнц Макаод өрнөнө. Өнгө гэрэл хурц тод; мөнгө, тансаглал, зугаа цэнгэл нэг дор бүрдсэн энэ хотын сэтгэл татам байдлын ард хуурамч тайз оршиж байгаа. Энэ тайзан дээр бүжиглэх нь өөрөө ялагдал. Магадгүй там. Тамын ертөнцөд чи сүнстэй л учирна. Энэ сүнс чамайг аварч болох ч тэр үед үнэхээр аврагдсан байх уу гэдэг бас дараагийн асуулт.

“Ballad of a small player” кино сэтгэлзүйн триллер төрөлд багтжээ. Сэтгэлзүйн туйлшралыг бол сайн үзүүлсэн. Триллер нь харин нууцлаг. Тэрийг үзэгч өөрөө олж харсан нь дээр. Зохиолын хувьд философийн утга агууламжтай, нууцлаг толгой эргүүлсэн асуултуудыг бий болгодог. Магадгүй энэ ойлгомжгүй байдал олон үзэгчийг гонсойлгосон байх. Миний хувьд бэлгэдлийн гэмээр юм уу, домгийн гэмээр юм уу үйл явдлын сүлбэлдэл энэ киног харин ч утга уянгын болгож байгаа мэт. Кино үргэлж бодит, эсвэл тод товруун, ойлгомжтой байх албагүй. Хэтрүүлэг нь хөгжимтэйгөө нийлж төсөөлөл бодит байдлын дунд уянгалж чадсан. Тиймээс ч киноны зорилго хангалттай биелсэн гэж дүгнэмээр байна.

Цөхрөл дундахь уянга. Киноны сүүлчийн кредиттэй хамт гарах Колин Фаррелл ба Тильда Суинтон нарын бүжиглэх “хувь тавилангийн төгсгөл баллад”-ыг заавал үзээрэй. Энэ бол киноны утга уянгын дүүргэлт байх болно.

Undrari, 2025.11.04