ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ
Энэ бичвэр Габриель Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал” номын тухай биш юм шүү. Харин түүний зохиолоор хийсэн “Зуун жилийн ганцаардал” (One Hundred Years of Solitude) олон ангит киноны тухай бичлээ.
Гэр бүлээсээ зөрж хуримласан үеэлүүд болох Хосе Аркидио Буэндиа болон Урсула Игуаран нарын эхлүүлсэн амьдрал тэр хоёроос хойш 6 үеэрээ туулж болох этгээд гаж, элдэв сонин зүйлсийг багтаан, эцэст нь удам нь тасран мөхөж дуусдаг энэ зохиолын үйл явлыг энд нуршаад яахав. Амьдрал угаасаа баялаг, адармаатай, бас амттай. Нобелийн шагналт зохиолч Гарсиа Маркес шидэт реализмийн сонгодог жишээ болох “Зуун жилийн ганцаардал” зохиолоо 1967 онд гаргаж байсан. Тэгвэл тэр л үлгэр домог, үнэн бодит байдлын час хийсэн хослолыг хэтрүүлэггүй, бас дутуудуулаагүйгээр үзүүлсэнд “Зуун жилийн ганцаардал” киноны уран бүтээлчдэд талархмаар.
Хорвоогоос холдон зохиомол ертөнцөд дураараа хөврөх үйл явдлуудтай хамт урсана гэдэг уншигчийн таашаал. Номонд дурлагсад бол ойлгох байх.
Харин энэ кинонд бодит амьдралаас тасрах тэр мэдрэмж байсаар байна. Энэ бол уран зохиолын амт. Энэ л амтыг киногоор үзүүлж чадсанд нь баярлаад байгаа юм. Одоо гарсан 8 анги нийт зохиолын 1-р бүлэг гэж ойлгож болно. Нийт 16 ангийг төлөвлөснөөс эхний хагас одоогоор гарсан байгаа.
Аргентин найруулагч Алекс Гарсиа Лопес болон Колумбын найруулагч Лаура Мора нарын хувьд энэ том зохиолыг ингэж нүдэнд буулгана гэдэг нэр төрийн хэрэг байсан байх. Энэ бол өөрсдийгөө сорьсон зохиол байсан гэдэгт эргэлзээгүй. Гэхдээ сорилтыг маш сайн давж, маш үзэсгэлэнтэйгээр биелүүлжээ.
Зохиолч Гарсиа Маркес амьддаа өөрийн зохиолыг кино болгохыг зөвшөөрөөгүй. Мэдээж тэр өөрийн ээдрээт зохиолын агуулгыг, шидэт реализм дүрслэлийг цогцоор нь кинонд бүрэн тусгаж чадна гэдэгт итгээгүй. Зохиолч байтугай уншигчид ч итгэхгүй. Энэ бол дүрслэхээс зүрхшээмээр шидэт, үлгэрийн бас этгээд ертөнц. Зохиолч хүний хувьд зохиолыг нь дутуу дулимаг, аргацаасан санаагаар эвдэх шиг аймшигтай зүйл байхгүй биз. Харин кино гэдэг тодорхой цагт баригдан, бодит гурван хэмжээст дүрслэлд зохиолыг нь багтаах хэрэгтэй болно. Яаж юм дутуу орхихгүй байж чадахав. Тиймээс ч “Зуун жилийн ганцаардал” бол ингэж айхаас аргагүй зохиол.
Гэхдээ Netflix ямарч байсан түүнийг нас барснаас таван жилийн дараа буюу 2019 онд кино хийх эрхийг нь зохиолчийн гэр бүлээс авсан. Ганц шулуухан шаардлага тавьсан нь: кино зураг авалтыг Колумбад хийж, колумб жүжигчид тоглуулж, спани хэл дээр хийх нөхцөл байв. Netflix энэ киног бүтээхэд Колумбын эдийн засагт нийт 225 тэрбум песо буюу ойролцоогоор 51.8 сая ам.доллар оруулсан гэж мэдээлсэн байна. Кино зураг авалтыг тэр чигт нь Колумб улсад хийсэн төдийгүй зохиол дээрхи зохиомол хот Макондог 1100 орчим хүний хүчээр шинээр барьж байгуулжээ. Жижиг хэрэглэл, тохижилт, тавилга эд хогшлыг ч нутгийн хуучин эдлэлийн дэлгүүрүүдээс цуглуулахыг нь цуглуулж, нутгийн гар урчуудаар захиалж урлуулахыг нь урлуулан орон нутгийн ард иргэдийг кино үйлдвэрлэлийн ажилд татан оролцуулсан байна.
Гарсиа Маркесийн зохиол хагас зуундаа Колумб улсаа сурталчилж ирсэн бол түүний зохиол үргэлжлэн нэр хүндтэйгээр Колумбын соёлын салбар болон олон нийтэд шууд хувь нэмэр оруулах үүргийг биелүүлэв. Энэ бол сайн бүтээлийн үр шим, гавъяа бодит байдалд үр дүнгээ үзүүлж байгаа энгийн жишээ болно. Нөгөө талаар кино бол бүтээлч, үйлдвэрлэгч салбар гэдгийн нотолгоо.
Киног бүтээлийн түвшинд хийх гэдэг уран бүтээлчдийн том зорилт байдаг бол нөгөө талд киног бүтээлийн түвшинд хүлээн авч үзэх үзэгчийн хүлээлт, таашаал гэдэг бас нэгэн ойлголт.
Миний хувьд киног тэрхэн хугацаанд бодит амьдралаас тасрах хийсвэрлэл дунд аялан үзэх дуртай. Төсөөллийн хил хязгаараас давсан зохиол, түүнийг нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохоор дэргэд авчирч байгаа жижигхэн гайхамшиг гэж хүлээж авах нь кино урлагийг урлаг гэж мэдрэх, сэтгэлийн таашаал авах боломж олгодог. Тиймдээ ч энэ мэдрэмжийг өгсөн кино үзэхээрээ жаахан хүүхэд шиг л догдлоод байдаг юм.
“Зуун жилийн ганцаардал” кино бол бүтээл. Бүтээл байхаас ч аргагүй, уран зохиол. Номны хувьд маш сайн зохиолч л яг өөрийн бүтээсэн ертөнцдөө уншигчаа урвуулж чаддаг байх. Гэхдээ л хүний төсөөлөл хязгааргүй тул хүн бүр өөр өөрийн мэдрэмжээр зохиолыг амилуулдаг юм. Тиймдээ ч уран зохиолын ном унших амтыг ямар ч кино орлуулж чадахгүй мэт санагддаг үе байсан. Уншигчийн төсөөллийг давж гарах нь кино бүтээгдчийн хувьд маш том сорилт болдог болохоор тэр. Харин “Зуун жилийн ганцаардал” кино аялал, амт хоёрыг час хийтэл хоршуулжээ.
Undrari, 2025.11.11