Нохойн зүрх ба Бэлла (Poor things)
“Poor things” буюу “хөөрхийс” гээд орчуулчихаж болох энэ киног их л хүлээлттэй үзлээ. Олон шагнал, эерэг шүүмжлэл авч, олныг гайхуулаад байгаа энэ киноноос харин юу хүлээснээ үзсэнийхээ дараа л ойлгох шив.
Оросын зохиолч Булгаковын “Нохойн зүрх” туужийн зохиолын туслах дүрүүд тэр чигтээ шахуу энэ кинонд байгааг хараад гайхах, бас хардах сэтгэл төрснийг нуух юун. Булгаковын зохиол дээр Шарик гэх нохойн биенд хүний тархи суулгаж, тэрээр өөрийг нь өөрчилсөн профессорыг ааваа гэж дуудна. Шинжлэх ухаан, шинэ нээлт, туршилтад сэтгэлээ зориулсан профессор энгийн нийгэмд бол магадгүй харгис гэж шүүмжлүүлэх байх. Харин энэ зохиолын ертөнцдөө тэр бол жинхэнэ хүний зүрхтэй, түүний уужуу сэтгэл, тэвчээр зохиолын ноён нуруу гэмээр санагддаг юм. Яг л Бэллагийн Бурхан шиг. Киноны гол дүр Бэлла өөрийгөө бий болгосон эмчийг “Бурхан” гэх ажээ. Тэр бол яг л миний “Нохойн зүрх”-ийг уншихдаа төсөөлсөн тэр профессор байлаа. Кинон дээр царайг нь аймшигтайгаар дүрсэлж, эцгийнхээ туршилтад хөөрхийлөлтэйгөөр зэрэмдэглүүлсэн түүхээр баяжуулсныг эс тооцвол шинжлэх ухаанч сэтгэлгээнд сэтгэл хэрэггүй гэх хатуу баримтлалдаа зөрчилдөн цухалзах хүний зүрх түүнээс тод илэрч байв. “Нохойн
зүрх” бол нийгмийн, хүмүүсийн зөрчлийн шүүмжлэл, егөөтгөл болсон зохиол. 1925 онд бичигдсэн ч, тухайн үедээ коммунист хувьсгалын эсэргүү агуулга агуулснаараа хориглогдож хожим 1987 онд анх албан ёсоор хэвлэгдэж байсан түүхтэй. Нийгмийнхээ хаагдмал боогдмол байдал, хэнхэглэл, хэт туйлширсан хэв маягийг эмгэнэлт инээдмээр энэ зохиол хэтэрхий чадварлаг илэрхийлсэн. Харин нийгмийг шүүмжлэхийн зэрэгцээ хүний зан авир, ёс зүй, хэв хэмжээг дотор бачууруулам тусгасан нь сэтгэлд илүү үлджээ. Харин тэрийг л “Poor things” кино тэр чигт нь хуулаад үзүүлчихсэн нь энэ киноноос хүлээж байсан миний мэдрэмж бололтой. Хуулаад гэдэг үгийг шууд хүлээж авах хэрэггүй шүү. Зохиол гэдэг угаасаа хэдэн аравхан сэдэв дотор хэдэн мянган хэлбэрээр эргэлдэж байдаг зүйл. Давтагдана, хуулагдана, ижилсэнэ. Гол нь зохиолыг хуулж болдог ч хулгайлж болдоггүй юм. “Poor things” бол хулгайн зохиол биш. Харин толгойд минь төсөөлөл үлдээсэн тэр зохиолыг амьдруулсан зохиол болж. Тархинаас минь хуулаад кино хийчихсэн аятай.
Нохой хүмүүсд ад үзэгдэж, халуун усанд шалз түлэгдэн байж азгүй амьдралаа өрөвдөн шаналж гаслахдаа хүртэл хөөрхий хүмүүсийг хоржоонтойгоор шоолж байх юм. Шарик бол өөрийнхөө ертөнцдөө өөрөө л эзэн нохой. Тиймдээ ч тэр анхнаасаа эмгэнэлтэй гэхээс илүү зэвүүн гэмээр дүр. Түүнийг өрөвдөж болдоггүй, үзэн ядаж болдоггүй. Түүний биенд хүний тархи суулгасан ч тэр хүн болох гэж яг л тэр хайрлаж болохгүй хачин дүрээрээ үйл явдлыг үргэлжлүүлдэг. Ийм дүрийг үзэл бодлоо маш тодорхой бий болгосон, уншигчдын хувьд “үнэнч” дүр гэж болно. Зохиолын дүрүүд хэтэрхий сайн байх заримдаа хэтэрхий аюултай. Тэд жаахан буруу алхам хийхэд зохиолын үйл явдал, утга агуулгыг алдагдуулчих гээд байдаг. Харин Шарик бол хэтэрхий сайн, алдаагүй дүр. Тэр тэр чигтээ бачууруулсаар байгаад дуусгаж чаддаг. Ганцаараа бүх өгүүлэмжийг авч явж чаддаг. Харин түүнийг проффесерийн “ноён нуруу” маш сайн түшдэг юм.
“Poor things” киноны Бэлла бол Шарикийн бачуурлыг эмэгтэй хүнээр өөрчлөөд тавьчихсан аятай. Шарикаар хүний гаргаж болох энгийн бүдүүлэг үйлдлүүдийг харуулдаг бол Бэллагаар эмэгтэй хүний үйлдэж болох ёс зүйгүй гэх үйлдлийг тултал нь гаргажээ. Нийгмээр жигшиж чадах тэр үйлдэл юу байж болох вэ? Яг л тэрийг зохиолч Бэллагаар хийлгэсэн. Тэрүүгээрээ ч тэр нийгмийн бий болгосон хэв журмын, зөв буруугийн эсрэг өөрийнхөөрөө амьдарлын туршилт хийж байгаа бүсгүйн үзэл бодлыг эсрэгцүүлэн тавьж чаджээ. Секс сценууд хэтэрхий их санагдсан ч үнэнэдээ энэ бол доод цэг байж. Эмэгтэй хүнийг доромжилж болох өөр доод цэг энэ нийгэмд өөр юу байхав, түүнийг л ашиглаж. Энэ гэхдээ нийгмийн дорожмлол болохоос хувь хүн өөрийгөө доромжилсон хэрэг биш байлаа. Үүгээрээ харин Бэлла, Шарик хоёрын зохиол өөр юм. Шарикд өөрийн итгэл үнэмшил байдаггүй юм. Харин Бэллад байв. Шарик бусдын үзэл бодлоор явж бурууддаг бол Бэлла өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч үлддэг. Үүгээрээ ч “Poor things” кино оригналь болж байгаа юм.
“Poor things” кино бол дүрүүдийн кино. Зохиолын дүрүүд гэж юу вэ, дүрүүд юуг илэрхийлдэг вэ, ямар байх ёстой вэ гээд дүрийг тодотгосон кино юм. Тиймдээ ч Эмма Стоун энэ кинонд бүтээсэн дүрээрээ оскарын шилдэг дүрийн шагналыг авах ёстой жүжигчин. Учир нь энэ зүгээр нэг хачин этгээд, өвөрмөц жүжиглэлтийн тухай биш, дүр яаж амилдгийг, зохиол яаж дүрээр дамжуулж амилдгийг энэ киноноос харж болох болохоор. Шарик, Бэлла хоёр шиг ийм тод үлдэх дүрүүд ховор шүү.
Undrari, 2024.03.13