Бачуурам Эрик
Нэтфликсийн шинэ мини-сериал “Эрик” гэх кинонд Бэнэдикт Кумбарбат тоглосныг хараад шууд үзмээр санагдав. Гэхдээ үзээд түүнд дургүй болох шахлаа. Ямар бачуурмаар дүр вэ?
“Эрик” бол сэтгэлзүйн триллер төрлийн 6 ангит кино. Олон ангит кино ихэвчлэн үйл явдлын уялдаа зангилаагаар үзэгчдийг үргээчихгүй барьж байдаг. Анги бүр дээр асуудал гарч, асуудал бүр асуулт дагуулна. Хариулт олдсон ч ахиад нэг асуудал том сэдэвтэйгээ уялдан асуултын тэмдэгтэйгээ үүснэ. Тэр том сэдвийн араас л үзэгчид хөөцөлдөн ар араас нь олон ангийг алгасалгүй үзэх хэрэгтэй болно. Тэгвэл “Эрик”-д ийм сүртэй сэдэв алга. Мэдээж хүүхэд алга болох гэдэг гэмт хэргийн сэдэвтэй кинонд жижиг биш л дээ. Гэхдээ энэ кинонд бол энэ тийм чухал биш байлаа.
Киноны зохиолд хүүхдийн аллага, түүнтэй холбоотой гэмт хэргийн нууцлаг, адармаатай үйл явдлуудыг нааж өгчээ. Нааж гэдэг нь: ууг нь зохиол ихэнхидээ гол дүрийг дагадаг. Гэхдээ энэ кинонд хэн гол дүр вэ гэдэг бас эргэлзээтэй. Эсвэл хоёр зохиолыг сүлбэлдүүлэн хамт өрнүүлж болох жишээ.
Тэгэхээр хоёр гол дүртэй болчихож байгаа юм. Ээлж дараалаад ч биш, эн зэрэгцүүлээд хоёр дүрийн сэтгэлзүйн давалгаа руу үзэгчээ шидчихлээ. Хатуу хандаж чадаж байгаа юм шүү.
Энэ киног триллер гэхээс илүү цэвэр сэтгэлзүйн кино. Кумбербатыг үзэн ядах дөхлөө гэсэн дээ. Би сэтгэлзүйч биш болохоор өвчтөнийг гүйцэт сонсохоосоо өмнө бачимдсан нь тэр. Энэ киноны дүрүүд бол яг л сэтгэлзүйч дээр ирсэн өвчтөнүүд. Харин үзэгч бол тэдний сонсогч. Гэхдээ эмчлэгч байж чадах үгүй нь дараагийн асуудал. Энэ кинон дээр энгийн нэг ч дүр байхгүй. Хүмүүсийн сэтгэл санаа, ухаан бодол яаж давчдан, бачуурч, самуурч, төөрч байгааг сэтгэлзүйчийн байр сууринаас анзаараад үз. Үйл явдал өрнөж л байгаа, гэхдээ “Эрик” кинонд энэ чухал биш гэснийг санаарай. Энэ кинонд сайн дүр, муу дүр чухал биш. Харин хүн ямар үед солиорч, яаж галзуурдгийг, ямар үед тайвширч, яаж, юуг ойлгодгийг харуулсан нь л чухал. Энд “хүн сэтгэлийн амьтан” гэдгийг маш мэдрэмжтэй үзүүлж чадаж байгаа нь “Эрик” киноны амин сүнс нь байв.
Хүн сэтгэлийн амьтан гэдгийг энэ удаа арай өөрөөр ойлгоё, уянгалж биш. Сэтгэл гэдэг хүнд хэзээ бүрэлдэж бий болсон зүйл вэ? Төрөхөд үү? Эхийн хэвлийд үр тогтохоос эхлээд сэтгэл хамт байсан уу? Эсвэл амьдралын явцад өсөж торнихдоо өөртөө төлөвшүүлсэн зүйл юм уу? Албан ёсоор бол хүний зан чанар, сэтгэлзүйн онцлог генетикээс болон орчны нөлөөллөөс хамт бүрэлдэн бий болдог гэж хариулна. Гэхдээ үзэн яддаг эцэгтэйгээ адилхан болох хүсэл хүүхдэд яагаад байх гэж? Хүссэн хүсээгүй цусаараа холбогдоод дуурайчихлаа гэх үү, өсгөсөн болохоор өөрийн эрхгүй хамт байсаар адилхан болчлоо гэх үү? Олон сэтгэл судлаач, философичид энэ тал дээр өөрийн үзэл онолыг гаргаж ирэн, янз янзаар л тайлбарласан байдаг. Гэхдээ энийг кинон дээр үзүүлэхэд онол ямар ч хэрэггүй.
Киноны гол дүр Винсент бол хүүхэд байхаасаа хүйтэн хөндий эцэг, хайхрамжгүй эхийн хажууд хайр халамж амсаагүй өссөн эр. Тийм ч болоод бусдыг яаж хайрлах учраа олоогүй, нөгөө талаар бусдын хайр хүндэтгэлийг авч сураагүй. Хүн мэдэхгүй зүйлээ илэрхийлэхгүй нь мэдээж. Мэдэхгүй болохоор бачуурах нь, учраа олохгүй уурлаж бухимдах нь ойлгомжтой. Хүн мэдэхгүйгээсээ л айдаг, үзэн яддаг. Хүн гол нь өөрийгөө мэддэггүй. Бусдыг шүүж, дүгнэж, бусдад буруу өгч, эсвэл бүр магтаж, шүтдэг мөртлөө өөрсдийгөө л мэддэггүй. Магадгүй мэдэхийг хүсдэггүй. Мэдсэн ч эсвэл нуун дарж, нийтийн жишигт нийцэхийг хүсдэг биз. Нийтийн жишиг нь хэн ч юм, юу ч юм бүү мэд. Винсентийн дүр бол өөрийгөө мартсан ч өрөөлийг буруутгасан дүр. Асуудал өөрт байгаа гэдгийг 6 ангийн турш хайж явахад нь ганцхан түүний биш олон хүмүүсийн, олон дүрийн ганцаардлыг харах болно. Бас нөгөө гол дүр ч таныг тайван байлгахгүй. Ганцаардах, хүчгүйдэх, үзэн ядахын зовлонг хэн хүнгүй амсаж, эргээд бусдыг дарангуйлж, захирч, эсвэл эсэргээрээ бусдад дарлуулах хүсэл хүн бүрт бий гэчихвэл хилсдэхгүй. Өрөвдүүлэх хүртэл хохирогчийн дүр эсгэлт гэвэл та хүлээн зөвшөөрөх үү? Өөрийгөө хайрлахыг амиа хичээх гэх үү, эго гэх үү?
Хэрвээ сэтгэлзүйч байгаад, энэ киноны дүрүүд өвчтөнгүүд нь байсан бол хүн бүрт тохирох сэтгэцийн эмгэгийн онош тавиад тохирох эмчилгээг эхлүүлэх байсан биз. Шалтгааныг нь удмын эсвэл хүүхэд насны траума зэрэг орчны нөлөөгөөр үүссэн байж болохыг бас дүгнэнэ. Ямар ч шалтгаан байж болно, хүнд юу ч тохиолдож болно, гэхдээ ингэснээр дахиад л бусад руу буруу хайж, өөрийгөө зөвтгөх арга болно. Үүнийг л энэ кинонд их оновчтойгоор тусгаж. Өөрийн сэтгэлзүйн солиорлыг, бачуурлыг бусад руу эсвэл болоод өнгөрсөн үйл явдал руу чихэх хэрэг байгаа ч юм уу? Бусдад тааруулж, өөрийгөө өөрчилж зовохдоо дахиад “надаас болоогүй” гэх нь зөв ч юм уу? Хүн ердөө л өөрийнхөө сул тал, эсвэл онцлогийг, бусдаас өөр байгаагаа зөвтгөх гэж элдэв сэтгэл судлалын бий болгосон нэршлээр нуудаг бол яах вэ? Өөртэйгөө нүүр тулахаас айхад нь сэтгэлзүйч сайхан онош олоод таныг тайтгаруулчихсан юм биш биз. Үүнд сэтгэцийн органик эмгэгүүдийг хамааруулсангүй. Харин эмгэг гэж харъя гэвэл мансуурахаас үүдэлтэй сэтгэцийн эмгэг, шизофрени, сэтгэл цочирдлын эмгэг, стресс гээд л элдвээр ангилсан эмгэгүүдийн жишээнээс энэ кинон дээр гарна. Дүрүүдийн зан үйлийг элийрэл, дэмийрэл, дон гээд юу гэж ч тодорхойлж болно. Гэсэн ч кинонд сэтгэлзүйчийг огт оролцуулсангүй. Зүгээр л өөртэйгөө нүүр тулцгаадаг юм. Өөр бусад нь байж л байг, эмгэг байна уу, дон байна уу, дэмийрэл байна уу хамаагүй. Эцсийн мөчид өөртэйгөө л алалцаж байгаа нь энэ киноны “үйл явдал.” Сэтгэлзүйн төрлийн кино сонирхдог хэн бүхэн “Эрик”-ийг хэлсэн хэлээгүй үзчих байх л даа. Гол нь энэ удаа арай өөрөөр “сэтгэлзүй” рүү өнгийгөөд үзээрэй.
Сэтгэл судлаач нар энийг уншаад шоолох вий. Гэхдээ сэтгэлийг судалсан судлаагүй бид элдэв сэтгэл хөдлөл, бодол, эргэцүүлэл дундаа төөрч будилсаар, заримдаа шоолуулж, заримдаа шоолсоор л байх биз. Тэртээ тэргүй амьдрал дээр бид нар олон нэршил, онол томъёо байсан байгаагүй сэтгэлээ барьж, дийлж, захирч чадахгүй байсаар байхад ямар нэг кинотой, киноноос төрсөн сэтгэгдэлтэй ядаж мэтгэлцэхгүй байлгүй.
Сэтгэл гэдэг өөрөө болохоос бусдаас хайх өө биш юм.
Undrari, 2024.06.12