Амьгүй албат Ба...

Үхэшгүй мөнхийн Чичиков яг л дүрээрээ бидний дунд амьгүй албат хайсаар явж л байх юм. Тэгээд бүр Монголд шүү.

Үнэхээр бусдыг гайхшруулж чаддаг (за ямар ч би хувьдаа гайхаад бараагүй л байна) нэгэн хүнийг юу гэж тайлбарлахаа олж ядан, хулгайч гэхээр хулгай хийгээгүй гэх, худалч гэхээр худал хэлээгүй гэх, залилагч гэхээр заль мэх биш гэх атлаа үнэн, шударгын өчүүхэн хэлтэрхий ч үгүй түүнийг тодорхойлох учраа олж ядан байхад “Амьгүй албат” харин нүдэнд туслаа. Оросын агуу зохиолч Н.В.Гоголь аль хэдийн биччихээд байхад би энд онох үгээ олж ядаад суух нь л тэнэг зүйл байж.


Гогольд Чичиков байсан. Харин би өнөөх дүрээ Ба гээд төлөөлүүлчихэе. 

 

Чичиков бол баатарлаг дүр биш. Угаасаа энэ зохиолын гол баатрыг сайн санаатнаар зориуд сонгоогүйг зохиол дээр тайлбарласан бий. Тэгсэн мөртлөө Чичиков агуу хорон санаат, эсвэл гажиг сэтгэлгээт сөрөг дүр ч бас биш. Тэр зүгээр л “новшийн дүр”.  Новшийн, хогийн, за аль нь ч яахав дээ. Хэт төвийлгэж гол дүр болгоод баймааргүй юм шиг мөртлөө хаягдаж, орхигдож болохгүй хогийн нөхдүүдийн төлөөлөл, алдарт “амьгүй албат”. 

 

Амьгүй албат гэдгийн “албат” гэдэг бол Монгол хэлнээ уг зохиолыг хөрвүүлсэн хэллэг. Англи хэлэнд “Dead Souls” гэж орчуулдаг. Учир нь орос нэрнийх нь “души” гэдэг үг “сүнснүүд” гэсэн утгатай юм байна. Душа гэж тухайн үеийн хамжлага, тариачин хүнийг мөн хэлдэг байсан болохоор “албат” гэж монгол нэрийг нь орчуулжээ. Ер нь бол тухайн хамжлагат ард хүн хүний тоонд биш сүнсний тоонд л орж байсан байх нь. Тэгээд тэр сүнснүүд төрийн бүртгэл хөтлөлтөнд дахин тооллогонд орохоос нааш үхсэн, амьд нь  мэдэгдэхгүй сүнсээрээ байж л байдаг байж. Чичиков “үхсэн сүнс”-үүд буюу амьгүй албат нарыг худалдан авч жинхэнэ албат нартай мэт залилан хөрөнгөжих арга сэдсэнд зохиолын гол үйл явдлууд зангилагддаг. Гэхдээ энэ зохиолд үйл явдлууд гэхээс илүүтэй Чичиков болон түүний уулзан таарч байгаа хүмүүс, тус бүрийн онцлог, ялгамж нь гол утга учир нь юм. Бие нь амьд мөртлөө амьгүй сүнс болсон хүмүүсийг энэ зохиол цуглуулсан. Хүн чанараа гээсэн амьд үхдэлүүдийг ил гаргасан гэж хэлж болно. Мэдээж бүгд биш ч гол төлөөлөгч нарыг нь, Чичиковоос эхлээд.

 

Гоголийн зохиол бол тэр чигтээ хүний нийгмийн шүүмжлэл, бас егөөдөл, хүний харилцааны гажуудал, шударга бус байдлын хошигнол. Тиймдээ ч түүний зохиолын дүрүүд, үйл явдлыг хөнгөхөн хөрвүүлээд Монголын өнөөгийн хөрсөн дээр буулгачихаж болохоор. Өнөө цагийн монголчуудын төрх шууд харагдана гээч. Магадгүй монголынход илүү их таарж байж ч мэднэ.

 

Зохиолын 1-р боть бол заль мэх, ашиг хонжооны төлөөх худал хуурмаг буюу шунал дагасан там. Энэ тамын эзэн бол мэдээж Чичиков, тэгээд түүний нөхөд буюу зохиолын бусад дүрүүд. Чичиковоос бусад дүрүүд бүгд өөр өөрийн нарийн тодорхой илэрхийлэмжтэй. Энэ чинь яг нөгөө хэн байна шүү дээ гэхэд амархан. Угаасаа бидний эргэн тойрон  “Амьгүй албат”-ын аль нэг дүрээр дуудчихмаар хүмүүс дүүрэн байна.

 

Зохиолч хүний хувьд “амьгүй албат наймаалцах”-ыг яаж бодож олсон юм бол гэмээр төгс санаа гэдгийг бахдан биширдгээ дурдахгүй бол болохгүй. Нас барсан хүнийг наймаалцах шиг хүнийг эвгүйцүүлж бас эргэцүүлүүлэх тийм юм юу байна? Нас барсан хүнийг наймаалцая гэх санаа орох хүртэл шунал, заль хаа байна? Тэр нь тэгээд хөрөнгө, өр, ашиг хонжоо, алдагдал бүгдийг нь агуулж чадах юм. Ханшгүй мөртлөө үнэгүй биш, хэрвээ хүсвэл дуртай үнээ дуудаж ч болох тийм этгээд хөрөнгө. Чичиковын гол харилцаа энэ хөрөнгийг наймаалцах дээр бий болж байгаа болохоор мэдээж мөнгө яригдана. Иймхэн энгийн санаанд хүний мөн чанар, шунал, хүсэл, төөрөгдөл гээд бүх гогцоог зангидаад, бүгдийг нь нэг бүрчлэн эргээд тайлж хүүрнэх супер чадвар Гоголийнх л байх. Эсвэл Пушкинийх нь байсан юм болов уу.

 

Гэтэл эргээд орчин цаг дээрээ бодсон Ба-с эхлээд амьгүй албат шиг “хий хоосон” хөрөнгөтэй эзэд зөндөө байх юм. Нас барсан хүнийг байтугай нартад анхнаасаа байгаагүй хүн, сүнс, юмс, бүр юу ч биш зөндөө зүйлсээр ашиг хонжоо хайж явдаг болж. Тэгээд тэрийгээ хууран мэхлэлт, арга заль, амьдрах ухаан аль нь гэх аргагүй болгож тайлбарлах. 19-р зууны амьгүй албатын өч төчнөөн хувилбар, түүнийг санаачлагч Чичиковын орчийн цагийн олон хувилбартай болсны энгийн нэг жишээ нь л манай Ба шүү дээ.

 

Тэгэхээр Чичиковыг Ба-р солиод, амьгүй албатыг өнөө үеийн бас нэгэн “хий хоосон”-оор сольчиход л орчин цагийн роман болох нь. Газрын эзэд, албан тушаалтнуудыг ч хэн нэгнээр  хөнгөхөөн өөрчилчихнө.

 

Гэхдээ Ба-ын хажууд Чичиков чинь хичээл зүтгэлтэй, ажил хэрэгч, сурах чадвартай хүн байдаг юм. Ба-г бас шууд Чичиков гэвэл Ба-гаа өөд нь татсан болох гээд байна. Чичиков бол сурлага сайтай, хичээнгүй хүүхэд байсан. Тэрээр аавынхаа хэлж захисан “Мөнгөө хадгал, хэн чамд хэрэгтэй байж болохыг бод, дарга нартаа таалагд” гэснийг насан туршдаа санаж, хэрэгжүүлж ирсэн. Хүн эцгийн үлгэрлэл, захиасаас холддоггүйг энүүхнээр зохиолч сануулсан ч байж мэднэ. Энэ нь монголын Ба-аас ч хол зөрөхгүй.  

 

Чичиков ажил хийдэг байхдаа идэвхтэй, нямбай, ажилдаа хариуцлагатай ханддаг үе байгаагүй биш байсан. Ууг нь тэр ажил хийж чаддаг байв. Даанч зорилго нь хувийн ашиг сонирхол, шунал нь байсан болохоор аяндаа урууддаг.  Манайд болохоор ажил хийж чаддагүй ч чаддаг юм шиг жүжиглэдэг нь олон. Ба- ч адил. Мэдэхгүйгээ мэддэг юм шиг, чадахгүйгээ чаддаг юм шиг ярьж л чадахаас хийж, гүйцэтгэж чадахгүй. Олигтой албан тушаалд өөрийн чадвараараа биш өөр хэн нэгний татаасаар орж, гарын үсэг зурахаас цаашгүй захирал, даргын нэр зүүж явсан болохоор Ба ориг Чичиковоосоо долоон дор болчихоод байгаа юм л даа. Товчхондоо Чичиков залхуу хүн огт биш. Ба шиг “унин дээр өлгөөтэй мах унжаад байхаар унаад өгөөсэй” гээд хэвтдэггүйгээрээ хавь илүү. Харин албан тушаалаа ашиглаж авилга хахууль авах, ажил үүргээ далимдуулж мөнгө завшиж, идэх арга сүйхээ олохдоо бол Ба Чичиковоос илүү гарна уу гэхээс дутахгүй.

 

Харин энэ хоёр хоёул хариуцлага хүлээдэггүй, хариуцлага гэдгийг ч мэддэггүй мэт хүмүүс. Хариуцлага гэдэг хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг ухамсарлаж, хариуцах чадвар шүү дээ. Чичиков, Ба хоёр бол худал, хуурмаг байдал, заль мэхнийх нь хор уршиг хаа хүргэж болохыг огтоос тоодоггүй. Иймдээ ч тэд хэзээ ч өөрийн бурууг хүлээн зөвшөөрдөггүй.

 

Ухамсартай, хариуцлагатай хүнд үйлдэл-үр дагавар-хүлээн зөвшөөрөх-засах гэсэн дараалал байдаг. Тэгсэн Чичиков, Ба хоёрын хувьд үйлдэл-асуудал-өөрийгөө хамгаалах-дараагийн арга олох гэсэн схем ажилладаг. Асуудлыг шийдэх биш асуудлаас мултрах арга сэдэхээ л боддог гэсэн үг.

Эдний бас нэгэн гайхам чанар бол “өөрийгөө зөвтгөх чанар”. Чичиков (зохиолч биш шүү, Чичиков өөрөө) бол уншигчдад өөрийгөө зүгээр л “амар тайван, сайхан амьдрахыг л хүссэн шүү дээ. Би зүгээр л боломж ашигласан” гэж итгүүлэхийг хүснэ. Монголын Ба-д ч “Зүгээр л…” гээд нэг шалтаг заавал олдоно. “Надад өөр арга байгаагүй” гэж хэлээд л хариуцлагаас зугтаж болно гэж итгэдэг нь харамсалтай.  Энэ нь хүн биш ухамсар нь үхсэн сүнс буюу “амьгүй албат”-ын нэг шинж тэмдэг нь болж таарлаа.

 

Энэ бүгдээс түрүүлж Чичиковыг Ба-тай ижилсүүлэх сэдэл төрсөн хамгийн гол чанар бол тэд бол багтай хүмүүс. Бүр мэргэжлийн, чадварлаг гэж тодотгож болохоор хувиралгүй худал хэлдэг. Өөртөө ашигтай байдал үүсгэхийн тулд хэнд ч ямар ч дүрээр хувиран өөрчлөгдөж чадна.  Зохиолын турш Чичиков яг ямар хүн юм бэ гэдгийг уншигч хэзээ ч мэдэхгүй. Амьдрал дээр ч Ба-г хэзээ ч бүрэн таньж чадахгүй. Учир нь ийм хүмүүс маш уян хатан, эелдэг, бас тэгээд нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байдаг. Тэдэнд хүмүүс амархан итгэнэ, амархан татагдана. Тэд өөрсдөд нь эргэлзэж, шүүмжлэлтэй хандах боломж олгохгүй. Тэдний гаргаж байгаа зан авир, хэлж байгаа үгний аль үнэн гэдгийг хэн ч мэдэж амждаггүй. Эсвэл тэд өөрсдөө ч мэддэгүй юм болов уу? Хэн гэдгээ хэдий нь мартчихсан юм болов уу? Хэн ч биш болоод худал, хуурмагаасаа салдаггүй юм болов уу? Эсвэл энэ нь тэдний унаган авъяас юм болов уу?

 

Зохиолын 2-р ботид газрын эзэн Костанжоглотой Чичиков уулздаг. Энэ хүн бол өөрөө аж ахуйгаа зохион байгуулж, газар нутгаа зөв ашиглаж, тордож, залхууралгүй зүтгэдгийнхээ үр шимийг хүртэж яваа нэгэн байв. Ажил хөдөлмөрөөрөө ашиг орлого бий болгож яваа энэ дүр Чичиковд өөрчлөгдөж, зөв амьдрал руу орох боломжийг харуулах зохиолчийн оролдлого байсан юм болов уу. Энэ газрын эзний гол зарчим тууштай, ёс суртахуунтай байж урт хугацаандаа баяжих тухай байв.  Харин Чичиков энэ санааг учиргүй хүлээн зөвшөөрч хөдөлмөрч, тууштай хүний дүр эсгэнэ. Үнэндээ Чичиковд амархан баяжих нь л чухал байсан болохоор арга залиа ахиад л гаргаж, боломжийг өөрт ашигтайгаар ашиглахыг оролддог. Зохиолын энэ хэсэгт Чичиков яагаад өөр вэ гэдэг их тодорхой харьцуулалт гарч байгаа юм. Костанжогло, Чичиков хоёр хоёул мөнгөний талаар ойлголттой ч түүнийг олох ёс суртахуун нь өөр байгааг харж болно. Яг л өнөөгийн Монголд шударга зарчмаар мөнгө олохыг хичээн зүтгэж яваа залуусаас Ба юугаараа өөр вэ гэдэг чинь энэ юм. 

 

|Бусдыг шууд хүчлэхгүйгээр, сэтгэл зүй болон арга заль ашиглан өөрийн хүссэнд хүрэхийг Манипуляци хийх гэж сэтгэлзүйн шинжлэх ухаанд тодорхойлсон байна. Энгийнээр хэлбэл өөрийгөө өрөвдүүлэх, өөрийгөө хохирогч мэт үзүүлэх, нөгөө хүнээ гэм буруутай мэт мэдрүүлэх, өөрийн бурууг бусдад тохох, үнэнийг нуух, хүнд таалагдах гэж дүр эсгэх, айдас ашиглах, магтах, хөөргөх, бусдын сул талыг ашиглах, худал нэр хүнд бий болгох зэргээр бусдын шийдвэр, үйлдэлд далдуур нөлөөлдөг байх нь.

Харин зөвхөн өөрийн ашиг хонжооны төлөө бусдыг мэхлэх, хуурах, ашиглахыг хэвийн зүйл гэж үздэг, ёс суртахуунгүй хүнийг макиавеллин гэдэг юм байна.|

 

Чичиковын мөнгө олох гэсэн худал хуурмаг, заль мэх хэрээс хэтэрч сүүлдээ бүх зүйлээ алдана. Чичиковт туслах Муразовын дүр хорвоо ертөнц муу хүмүүсээр дүүрчихээгүйг эргээд сануулна. Тэрээр Чичиковт өөрт нь асуудал байгааг ойлгуулахыг хүсдэг, ойлгоосой ч гэж найддаг. Чичиков тэрхэн зуур үнэн, худал нь үл мэдэгдэх гэмшил тээн, засран өөрчлөгдөхөө амлав. Харамсалтай нь Оросын Чичиков, монгол Ба хоёрын зам мөр товчхондоо:

Асуудал гарна. Өөрийгөө хамгаална. Тухай нөхцөл байдалд тохируулан худал хэлнэ. Аврагдах боломж гарна. Гэмшсэн, өөрчлөгдөх гэж буй хүн шиг харагдана. Бусад хүмүүс түүнд итгэхийг оролдоно. Хэсэг хугацаанд зөв замыг бодно. Ашиг хонжоо дахин гарч ирнэ. Хуучин зан чанар нь буцаж ирнэ.

 

Гоголь Чичиковийг сайн руу өөрчлөхийг хүссэн байх. Гэхдээ зохиолч тэр хэсгээ бичсэнээ шатаачихсан шүү дээ. Чичиков хаа хүрч, унасан уу, сэхсэн үү хэн ч мэдэхгүй. Уналгүй ухаараад ёс зүйтэй байхыг сонгосон бол Чичиков ямар ч байсан тэгсгээд амар жимир амьдралаа дуусгасан биз.  Гэхдээ л Чичиковууд өөртөө бол үнэхээр үнэнч, өрөвч хүмүүс байдаг болохоор хэр барагтаа зангаа хаяхгүй явсаар хар гэрт дууссан ч байх магадлалтай.  Хар гэрт орсон ч хар амиа хаацайлсан хэвээр, биеэ өмөөрөөд, гэмгүй дүртэй нулимс унаган, хохирогчийн дүрээр хорвоог орхисон ч байж мэднэ.

 

Чичиков ч яахав Гоголийн тайлагдаагүй нууц болоод үлддэг байж. Харин Ба… Ба яахыг цаг хугацаа л харуулах нь дээ.

Харин хоосон мөрөөдөгч Манилов, явцуу, өчүүхэн бодолт Коробочка, хөнгөн хуумгай Ноздрёв, шунахай харамч  Плюшкин, ашигч Собакевич нарыг та арай таних юм биш биз? Хүнд сурталт прокурор, нэр хүнд эрхэмлэгч засаг дарга яаж төгссөнийг мэдэж байгаа юм биш биз?

Амьгүй албат амь ороо болов уу? Амьдрах аргаа олоо болов уу?

 

Undrari, 2026.08.20