ГӨЛГӨР

9 сар 11, 2020   |   by Undrari

Өглөөд нар манддагаараа мандаж, төрийн байгууллагын бас нэгэн ажлын өдөр эхэлээ. “ТӨР”-ийн гэхээр шууд төсөөлөгдөж байгаа биз, аль нь ч ямар хамаа байхав. 9 цагтаа уралдан, хөл, биенээс нь түрүүлж хуруу нь урд гүйлдэх төрийн албан хаагчид үүдээр оров уу үгүй юу хуруу уншигч апрат руу яаралдана. Хуруугаа нөгөө апратанд нааж аваад санаа амарсны дараа харин хөл нь удаашраад, бие нь хүндрээд, юун гүйх, арай хийн сажилсаар ширээ, ширээнийхээ ард сууцгаана. Тэдний ирэхийг нүдээ ширгэтэл, биеэ чилтэл хүлээн суух “үйлчлүүлэгч” нар харин нөгөө хэдийн орж ирэх бараанаар нүдэнд нь гэрэл гийж, сэтгэлд нь итгэл найдварын оч ассан аятай баясан, байр байраасаа бушуухан хөдөлж эзэн нь ирсэн нохой шиг өнөөх төрийн албан хаагчийгаа хаа явсан дагаж, амнаас нь ангайж “гийгүүлэх” үгийг тосон гүйлдэж эхлэв. Ууг нь үйлчлүүлэгч, үйлчлэгч хоёр л юм хөөрхий, одоо ч “үйлчлүүлэгч” гэсэн нэртэй л болохоос төрийн албан хаагч хэмээх “эзэн”-ийг уурлуулбал илүүчлэх зангүй тул боол аятай нь цариачлаад, өөрийн ажилдаа нэмэр гуйгаад авбал энэ насны заяа түшиг аятай ихэд баяртай хэрэг болдог болсон цаг. “Эзэд” энийгээ мэдээд их зантайг яана. Ам л ангайвал загначих гээд, эгцэлж харахаараа чичлээд, буруу харахаараа будлиулаад, ааш аяг нь олдохгүй айхтар хүмүүс. Олны дунд аятай нь байдаг ч, тийм аядуу зөөлөнтэй нь таарах нь ховор болохоор ийм л төрийн байгууллагыг төсөөлөөд энэ явдлыг дотроо буулгаарай.

Бас нэгэн ажлын өдөр эхэлдгээрээ л эхэлсэн. Ахмад залуугүй загнуулаад л, албан хаагчдын дуу хангинаад л. Аргаа барсан нэг иргэн хэрэг явдлаа учирлан гуйгаад бараагүй болохоор,  албан хаагч руу ууралж нэг, аргадаж нэг үзэв. Нөгөөх нь харин үхэр шиг дүмбийгээд, өөдөөс нь гөлийгөөд суугаад байхыг нь хэлэх үү, бүр ч уцаар хүрч, барьсан цаасаа нүүр лүү нь шидээд мань эр гараад явчихав. Харин нөгөө Гөлгөр чинь гэнт тас тас хийтэл инээд алдаад, өнөөх цаасуудыг базаад хог руу чулуудаж байна. Ширээ зэрэгцүүлэн суусан албан хаагчид дэмжлэг үзүүлэн маасайн инээлдэнэ. Бах нь ханасан аятай, сэтгэлээ онгойтол гүнзгий амьсгаа аваад манай Гөлгөр дараагийн хүнээ “ялын тавцандаа” дуудлаа.

“Ай хөөрхий, цаг ч ирлээ дээ”. Баяр, гуниг зэрэг давхцана гэдэг нь л энэ байх. Эв нь таарвал зорьсон хэрэг бүтчих гээд, эвгүй нь таарвал гацчих гээд, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа аятай салаганасаар 80 гарсан хөгшин өвгөн Гөлгөрийн урд ирэн суув.  – “Хүү мээнь, эд нарыг чамд өгөөд, чамаас нэг бичиг авах ёстой юм уу даа. Тэрийг нь өвөө нь..” гэтэл Гөлгөр яриаг нь таслан дуугарч ядсан яхир хоолойгоор, – “Алив, наашаа өгөөдөх”. Өмнө нь хэдий нь тавьчихаад байхад өгөөдөх гэж зандрах нь өөрийн сүр хүчийг илтгэх гэж оролдох оролдлого нь яалт ч үгүй мөн. Манай Гөлгөрийн эрүү байнга л дээшээ, өмнөө суух хүн рүү хэр барагтай эгцэлж харахгүй, нүднийхээ булангаар хэдэн бичиг цаасыг эргүүлж тойруулж харсан аятай болоод л шидэлнэ. Энэ л зангаараа өвөөгийн цаасуудыг эргүүлэд шидэв. – “Энийг би шийдэхгүй ээ.” – “Үгүй ээ хүү минь. Яг тэр хаалганы хүн өөр лүү чинь явуулсан юм. Энд өгөөд л болоо гэсэн юм.” – “Тэгвэл тэр хүн дээрээ буцаад очихгүй юу. Би авахгүй.”

Өвгөн уруу царайлаад өмнөөс нь бослоо. Өнөөх хаалганаас нэг эр гаран алхаж байхыг хараад өвөө арай гэж араас нь гүйцэн барьж авав. Учир байдлаа хэлж байгаа бололтой өмнө нь бөхөлзөөд л байна. Манай Гөлгөрийн тал аниатай нүдний буланд өвгөн туссан бололтой, эргэж харахаас нь урьтаад орилов. “Өвөө, нааш ир ээ. Өвөө.” Хаа очиж манай гөлгөр гайгүй чанга дуутай юм. Олон дунд сонсгол нь муудсан өвгөнийг хүртэл цочтол эргэж харуулаад, “суу” гээд л нэг дуудахад, өвгөн бушуухан “харайгаад” ирэв. – “Наашаа өг гэсийн бол тэгээд хэлчихгүй, алив наадхаа даа.” Хоолой нь энэ удаа илүү зандарсан аястай болчихож. Хөөрхий өвгөн “уурлуулчвуу даа” хэмээн эмээх аятай, өөдөөс нь үг сөрж чадахгүй дуугүй л цааснуудаа сарвайв. – “Бичгээ маргааш ирж аваарай” – “Өнөөдөр авч болохгүй юу, өвөө нь өнөөдөр чамаас авсан бичгээ өгөхгүй бол дахиад л сар хүлээх юм болно.” – “Би ажилтай байгааг харж байгаа биз дээ. Өнөөдөр амжихгүй ээ” – “Ууг нь, ганц өгүүлбэр бичиг юм л гээ биз дээ.” – “Та ямар юм ойлгодоггүй. Ганц өгүүлбэр ч гэсэн ажил. Араас чинь хүмүүс хүлээгээд байна. Маргааш л ирж авбал ав.”

“Заа ямартай ч ‘ав’ гэсэн үг дуулсан хойно арга нь олдох байлгүй” гэсэн шүү юм бодоод өвгөн дараагийн “ялтан”-даа зайгаа тавьж өглөө. Манай Гөлгөр харин ахин нэг ялыг айхтар сайн оноосондоо өөрийгөө бахдаад, өрөөлд гайхуулаад, баясгалантай гэж жигтэйхэн. Гөлгөрийн ажил хэцүү, хэцүү. Өнөөх л ижил бичиг цаасыг, өөр өөр янзаар ял болгон хувиргахад толгойны сайн, тархины ухаан шаардалгүй л яахав. Ядаж байхад Гөлгөрийг царайчлах үйлчлүүлэгчид олонг ч хэлэх үү. Эрэлт ихтэй эзэн, зөвхөн өөрийг нь гэх үйлчлүүлэгч хэмээх боолуудаа эвийг нь тааруулаад шийтгээд, эгзэг нь тохирохоор яллаад байхаа мэдэлгүй дээ. Хөөрхий Гөлгөрийн хүнд өдөр дуусаж, цайны цаг арай гэж боллоо. Дуусаж гэдгийн учир нь манай Гөлгөр цайны цагийн дараа цаг заваа өөртөө зарцуулдаг журамтай. Журам гэдгийн учир нь төрийн албан хаагч чинь журам л дагадаг гэсэн юм болохоор журамтай болоод л тэгдэг биз.

Цайндаа гарсан Гөлгөрийн бараа сураг маргааш болтол үзэгдэхгүй. Эргээд ирэх аятай хэл үлдээгээд гараад явсан Гөлгөр өөрийг нь хүлээж суух өрөвдөлтэй хүмүүсийг бодох ч сөхөөгүй. Хаа яваан бүү мэд. Ямартай ч цаг мөч үнэтэй хойно, хайран цагаа дэмий үрээгүй нь лавтай. Ажлын цаг ууг нь 17.00-д тардаг юм. Тэр цаг албан хаагчдыг хүлээх хөөрхийлөлтэй хүмүүсд л хамаарахаас, ажиллаж байх ёстой албан хаагчдад бол падлийгүй. Аргаа барсан хүмүүс 17.00-д хаалгаа барих гэж яарч байгаа манаачид хөөгдөн, эргэн эргэн харсаар итгэл алдран гарч одно. Энэнтэй зэрэгцээд албан хаагчдын дан ганц “хуруунууд” дан хийтэл цаг бүртгэгч апратыг нэг дараад алга болцгооно. Эдгээр хуруунууд хаана байж байгаад, хаанаас гараад ирснийг чөтгөр бүү мэд. Гөлгөрийн маань долоовор хуруу тэр дунд зурс хийгээд л өнгөрлөө. Өнөөдрийн их ажилдаа ядарснуу, өнгө зүс алдсан л харагдана лээ.

Төрийн алба тарж, түмний автобус пиг. Автобусны буудал дээр амжиж сууж чадаагүйдээ амандаа үглэн зогсох Гөлгөр маань зогсож байв. Үг дуу нь олшроод, өнгө зүс нь дарагдаад, өнөөх “эзэн” мөн үү гэлтэй л. Арваад минут зогсоод арайхийж автобус ирэв. Олон дундуур шахцалдаад, урдуур түрүүлээд орчих санаатай чихнэ. “Эгчээ, хойноос ороочээ, яагаад чихээд байгаа юм бэ?” Жаахан охин өөр лүү нь ямар зоригтой үг чулуудна вэ. Гөлгөрийн дух нь үрчийгээд, хамар нь бөөгнөрөөд, юун гөлгөр, Үрчгэр гэчихмээр хувирав. Тэгсэн ч охин Үрчгэрээс айсангүй, бүр тоосон ч үгүй, бүр урдуураа байтугай ардуураа ч оруулсангүй. Үрчгэр өөрийн түрэмгий зангаасаа олонд зэмлүүлсээр хамгийн сүүлд автобусны хаалгаар арай хийн амжиж орлоо. Ашгүй нэг суудал ард харагдана. Гүйж очоод суух гэтэл таяг тулсан эмгэн харин түрүүлээд суучихав. “Эзэн” зангаа гаргах гэсэн ч энд тэрний эзэн гэж юу байхав, өөрийгөө хэн ч бишээ мэдсэн Үрчгэр өмнөө тортойгоо тавиад буруу харав.

Хотын гудам нам тайван, цаг агаар ч аятайхан сайхан байлаа. Нар гийж, тэнгэр цэлмэсэн, чийг ханхалж, сэтгэл сэргэсэн үдэш нь байв. Гудамжаар зугаалах залуус, нарлан суух хөгшчүүл, гүйлдэн тоглох хүүхдүүд. ТАС… Үрчгэр царай. Энэ сайхан зураглал дундуур хаанаас гараад ирсэн гай вэ гэдэг шиг л Үрчгэр маань алхаж байна. Гудамжны буланд байсан дэлгүүр лүү яваад оров. Араас нь аяархан дагаад орвол манай Үрчгэр харин дэлгүүрийн худалдагчид загнуулаад зогсож байх юм. Ээ юу үзчихвээ, их эзэн энд хүнд загнуулж байна гэж үү? “Өмнөх өрөө төлөөгүй байж одоо юу гэж өгч байдаг юм.” – “Цалингаа буухаар өгчихнө шдээ.” – “Битгий худлаа яриад байгаарай, цалингаа буухаар гутал, хувцас аваад өмсчихдөг байж. Нээх үнэтэй брэндийн цүнх хүртэл барьчихаад, идсэн уусныхаа мөнгийг ч төлчихгүй. Өгөхгүй ээ өгөхгүй. Дахиж зээлээр бараа өгөхгүй.” Худалдагч харин энэ удаа үнэхээр эзэн зан гаргаж, эд бараагаа харамлаад авав. Өгөх, өгөхгүйг үнэхээр л дэлгүүрийн эзэн мэдэхээс өөр хэн мэдэхэв дээ.

Үрчгэр маань үнэхээр л үнэтэй брэндийн донжтой цүнхтэй, өнгө  хосолсон үнэт чулуун ээмэг бөгжтэй, гаднаас нь харахад ганган гэж чигтэйхэн ч, урьдын хэлсэнчлэн гар хуруу нь харин гандуу харагдана. Нүүр царай ч будганд дарагдаад мэдэгдэх юм алга. Ингээд дин дун явсаар гэртээ нэг юм оров.
Үүдэнд шидэлсэн өрөөсөн эрэгтэй гутал. Өрөөсөн нь хаа байгаан бол доо , хаа нэг шалан дээр хөлд нь углаатай ч юм уу углаагүй ч юм уу хаягдсан байгаа биз. Халтардсан хана, хуурсан обой, ус алдсан тааз. Өсвөр насны охины өнгө эрээлжилсэн туфьлууд. Хоолны үлдэгдэлтэй хатсан сав суулга, хог нь дүүрсэн уут. Хаа нэгтэйгээс согтуу эрийн “архи авчирсан уу?” гэх сөөнгө дуу, хаалганы цаанаас “ ээж цалин чинь буусан уу?” гэх охины хоолой. Үрчгэр царай ч өдийд буцаад гөлийдөг юм. Заяа тавиландаа гомдоод ч юм уу, зан авиртаа гутаад ч юм уу, арчаагүйдээ ч юм уу, арчаатайдаа ч юм уу, хэн ч юу ч хэлсэн тоохооргүй, хэнд ч хамаагүй амьдралдаа энэ Гөлгөр ингээд л амьдарсаар байдаг юм.

©Undrari. 2020.09 сар

Leave Your Comment