Хүн та….

8 сар 4, 2020   |   by Undrari

“Хүн болгон хүн бүрийг худалч гэдгийг мэддэг. Цаг үргэлж худал хэлж байхдаа хэлж байгаа нь ч сонсож байгаа нь ч тоодоггүй. Үнэнийг эрхэмлэх хүн энэ хорвоогоор дүүрэн ч үнэхээр бүх хүн үнэнээрээ байвал энэ дэлхийд дайн байтугай зүйл болох биз. Азаар хүн болгон худал хэлж сурч, тэрэнд нь итгэсэн дүр үзүүлээд дасчихсан байдаг нь яамайдаа.”

Гадаа хүйтэн байна. Өрөөний цонхны цаанаас хүйтэн жавар цонх нэвтлэх гэж дайрч байгаа аятай шуугина. Гадаа цас, мөсөнд даруулсан саарал зам дээр хүмүүс уначихгүйг хичээн балетын бүжигчин аятай зөөлөн зөөлөн гишгэлнэ. Машины хөдөлгөөн ч удааширч мөлхөж ядан түгжрэл дунд бага багаар урагшилцгаана. Тэдгээр орчин дунд гэгээтэй байтугай өнгөлөг зүйл огт анзаарагдахгүй, нэг л дүнсгэр, нэг л баргар.

“Гадаа үнэхээр сайхан байна. Шинэхэн цасны дараахь цэвэр цэнгэг агаарыг гүнзгий амьсгалах шиг сайхан зүйл одоогоор алга.” ТВ-ээс гарах энэ яриа цонхоор харагдах жихүүн ертөнцтэй огт зохицохгүй, тас хийн цохих мэт сонсогдов. ТВ-ээр гадаа гудамжинд ярилцлага хийж байгаа бололтой даарсан царайгаа нууж ядсан хөтлөгч бүсгүй гадаа зассан гацуур модны дэргэд зогсон ярина. “Өвлийн сайхан өдрүүд өнгөө улам нэмсээр шинэ жилийн гацуур мод сүндэрлэж цав цагаан хот дунд сүрлэг ногоон гацуурын дэргэд хөтлөгч би….” ТВ унтрав.

“Гадаа ямар хогийн хүйтэн байна аа. Ийм хүйтэн өвлөөр заавал би энд гадаа нэвтрүүлэг хийх ёстой ч юм уу, яг хөлдөж үхлээ…” Нөгөөх хөтлөгч бүсгүй нөгөөх модныхоо хажууд даарч бээрэн дороо дэвхцэн зогсоно. Микрофон барьсан гар нь дааран  хоёр гартаа ээлжлэн барьж өрөөсөн гараа хармаандаа хийн дулаацуулах гэж оролдоно. Зураглаач бололтой камертайгаа ноцолдон зогсох залуу бүр хөлдөж байна уу гэлтэй, малгайнд нь дарагдаагүй хоёр чих нь час улааж, бээлийгээ тайлж салтаандаа хавчуулан тогтоогоод камераа оролдох гар нь бээрч ядан хөдөлж өгөхгүй байв. Залуу: “Больё, болохгүй байна. Камер хөлдчих шиг боллоо.”

Цав цагаан тааз. Таазнаас хана, хананаас хана- өрөөн дотуурхыг харна. Анх харагдсан өнөөх телевизор нам гүм, өрөөн дотуур сонирхож харахаар өөр онцын зүйл үнэндээ алга. Утас дуугарав. Нам гүм дунд үнэхээр зохицохгүй чих дөжрөм чанга дуугарна.

Утасны цаанаас: “Байна уу, сайн уу? Юу байна аа. Хүүеээ, бие чинь зүгээр үү, яагаад ойрд таг болчихвоо. Найз нь чамайг ирэхгүй болохоор бүүр санаа зовоод. Чи хэзээ ажилдаа ирэх юм бэ?…..” Дүүд, дүүд. Утас тасарна. Гар утас орон дээр шидэгдэн, ойж буун, ойж буун хураагаагүй орон дээр ганцаараа хоцров.

Оффисын өрөөнд хүүхэн сууна. “Ёоооё, энэ одоо ажилдаа ирэхгүйм байх даа. Хичнээн удаан би ингэж өмнөөс нь ажлыг хийх юм бэ.. Ядаргаатай юм. Чадахгүй бол ажлаасаа гарах хэрэгтэй шд. Ийм удаан өвдөнө гэж юу байхав дээ.” Хүүхэн амандаа үглэн, өөрийнхөө ярианд улам бухимдан байж ядна. Хажуу талд нь хамт хүн суудаг бололтой, гэхдээ хэн ч алга. Хоосон сандал эзнээ хүлээх аятай хөдөлгөөнгүй байсаар.

Гудамжаар шороонд холилдон халтайсан цасан дээр шар шар хийн алхахад нэг янзгүй. Өөдөөс зөрөх баргар царайлсан хүмүүс, муухай харах нь харж, мөрлөх нь мөрөлж, ярвайх нь ярвайгаад л. Гудамжинд нялх хүүхдээ тэврэн гуйлга гуйх хүүхнийг харахад нүд хальтрам. “Миний хүүхэд өлсөөд байна. Жаахан мөнгө өгөөч.” Гуйлгачин хүүхний уйлж байна уу гэлтэй сөөнгө хоолойгоор дуугарах нь мөнгө өгөхгүй бол би буруутан болчихож байгаа юм шиг санагдуулам. Хармаа руу гаа гараа хийхэд хэдэн задгай мөнгө гарт баригдав. Хэд ч юм бүү мэд харахад ганц 500-ийн дэвсгэрт, хэдэн 100-т, 50-т гээд л байх шиг байна. Барьсан чигээрээ гуйлгачны урд тавьсан тор луу чулуудахад мөнгө зөөлөн буун торонд орлоо. Гуйлгачинд тэврүүлсэн нялх хүүхэд даанч чимээгүй. Ийм хүйтэнд сайн унтаж байна даа гэж бодогдмоор. Харин ээж нь юмуу тэр тэвэрсэн бүсгүйн нүдэнд даанч хайрын харц алга. Нэг жихүүцэм муухай харц. Бушуу нүүрээ буруулаад цааш алхсан нь дээр.

Гуйлгачин бүсгүй өөртэй нь адилхан бас нэг гуйлгачин залуутай орцонд сууна. Хүүхдээ хажуудаа шалан дээр тавьчихаж. Хүүхэд чив чимээгүй унтсаар. Хүүхэн өврөөсөө жижиг шилтэй архи гаргаж ирнэ. Бас болоогүй нэг гозгор хиам авчихаж. Хиамаа таллаж хуваагаад нөгөөдөхдөө нэгийг нь өгөв. Архиа задлан ус ууж байна уу гэлтэй гуд гуд хийтэл залгилна. Нөгөөх нь хүүхний хоолойгоор нь залгилагдах архийг харан шүлсээ гоожуулах шахам цоо ширтэн өөрийн уух ээлжээ хүлээнэ.

Гудамжаар алхлах хүн бүрийн царайнд нэг л зүйл нуугдаастай. Тэсрэх гээд чадахгүй байгаа юм болов уу. Нүдэндээ эдгээр хүмүүс өөрөөсөө өөр хэнд ч захирагдахгүй эрх чөлөөт, ядаж сэтгэлгээний эрх чөлөөтэй байсан бол гэж төсөөлөхөд яг л амьтны хүрээлэн харагдаж байв. Галзуу сарманчингууд урдуур хойгуур үсчээд л. Тэнд цөөвөр чоно худлаа инээгээд л, алалцах нь алалцаж, уралцах нь уралцаад л. Харин эргээд харахад нөгөөх хүүхдээ тэвэрсэн гуйлгачин зулзгаа идэж байгаа араатан шиг харагдаж байв. Азаар хүн болгон өөрийгөө дарж явна. Гэхдээ баргараар. Бүгд тэрэндээ бачуураад байгаа юмуу уурласан, бачуурсан, ярвайсан царайнууд. Нэг л зүдэрсэн хүмүүс.

Тэнгэр лүү харахад цэлмэг байх юм. Бүртийх ч үүлгүй цэлгэр тэнгэрт нар гялбана. Хараа бага багаар доошилж газарт буухад цасны цагаан өнгөнд нүд гялбаад хараа тогтож чадахгүй бүрэлзэнэ. Бага багаар фокус таарч урдах зам тодроход уртаас урт цуваа банкны урд байв. Хөгшин, залуу, эмэгтэй, эрэгтэй хүмүүс бие биедээ шахцалдан зогсоно. Даан ч сонсогдох чимээ: “ Пизда минь оочер дайрахаа болиоч” “Малаа дуугүй наанаа зогс” “Хөөш чи хойшоо зогсооч, балиар арчаагүй юмнууд оочерлож ч мэдэхгүй” Авгай, залуус нийлсэн олон түмний хэрүүлийн дайн. Чихэнд даанч сонсголгүй, гутмаар. Дараалал дунд бүлтэгнэн зогсох хөгшин настай өвөө урд хойноос түлхэн, урдуур хойгуур нь тэмцэлдэх олны дунд санаа алдан чимээгүйхэн зогссоор. Түлхээд унагахна уу гэлтэй залуу хүү хажуугаар нь дайран өнгөрөхөд юу ч хэлхэв дээ гэсэн байртай араас нь гунигтай харцаар харан зогсоно.

Түрүүхэн нүдэндээ зурвасхан төсөөлсөн амьтны хүрээлэнгийн зураглал эн дунд бодитоор, гэхдээ сайн талаараа ч юмуу, харамсмаар ч гэмээр юмуу аман байдлаар энэ дунд өрнөж байв…..

…….

“Хорвоо дэлхий сайхан, орчлон ертөнц уужим ч, хүн гэдэг худалчууд, араатнаас дор зэрлэгших нь гунигтай…..”

2016 он. Undrari.

Leave Your Comment