Диваажингийн хот

11 сар 22, 2019   |   by Undrari

Хаа нэгтээ, хэний ч үл мэдэх газар, хэн хүн үл хүрч чадах хязгаарт диваажингийн хот оршин байдаг ажээ. Тэр хот тэнгэрт мэт хөвөх атлаа газарт мэт ус урссан, ургамал цэцэг дэлгэрсэн үзэсгэлэн төгөлдөр хот байв. Хотын оршин суугчид хүн шиг ярихгүй мөртлөө ойлголцдог, баясал цэнгэл дүүрэн инээх сэтгэлтэй мөртлөө уурлаж бухимдах зовлон үгүй юмсанж. Жаргал дүүрэн  тэр хотод гайхамшиг аялгуу дуу эгшиглэхээс гутрал гуниг дагуулах чимээ огт сонсогдохгүй. Биесээ хүндэтгэн хайрлах диваажингийн хотын оршин суугчид атаат хорсолт зан мэдэхгүй, амин хувиа хичээх үйлдэлгүй. Амар амгалан энэ хотын амьдрал олон зуун жилээр тайван үргэлжилсээр.. Тэр нэгэн өдрийг хүртэл…

Диваажингийн хотод нэг өдөр хүн иржээ. Хаанаас олоод, яаж яваад энэ хотод хүрээд ирснийг хэн ч мэдэхгүй, хэн ч түүнээс асуугаагүй. Харин тэр хүн өөрөө хаа ирснээ, ямар учиртай хот болохыг хотын оршин суугчдаас шалгаан асууж байв. Диваажингийн хотынхон ярьдаггүй ч хүнд зориулж хэл сурав. Тэд түүнийг уриалгахан угтан авсан юм. Түүнийг өлсөхөд тэд сайхан амттан бүхнээ дэлгэн тавив. Гэхдээ энэ хотод ходоодоо дүүргэж биш, сэтгэлээ хооллодог аж. Харин хүнд сэтгэлээ баясгах амттан хангалтгүй санагдана. Учир нь түүний сэтгэл хэзээ ч цаддагүй байлаа. Урилгагүй ирсэн түүнд энэ их сайхан, амгалан тайван байдал, оршин суугчдын биесээ ойлгон, хайрлах сэтгэл, өөрийг нь ч хязгааргүй хайр хүндэтгэлээр угтан авсан нь хачин жигтэй санагджээ. Түүнд энэ хотын нууцыг олох хүсэл төрнө. Харин хотынхон түүнийг тав тухтай байлгах гэж хичээнэ.

Хүн нэг л өдөр яваад өгөв. Диваажингийн хотод урьдын адил баясал цэнгэл бялхсаар байв. Тэд хүнийг яагаад явсныг ч мэдсэнгүй, нэгнээсээ ч асуусангүй. Харин удалгүй өнөөх хүн маань өөрийн хамсаатан нөхдөө дагуулсаар диваажингийн хотод ирлээ. Хотынхон зочдоо өмнөх шигээ л хайр хүндэтгэлээр угтан авав. Хүмүүс энэ хотын сайхныг биширч байлаа. Тэд ийм газар байж болдгийг гайхаж байсан юм. Тэдэнд хотынхноос асууж мэдэхийг хүссэн  олон зүйл байв. Харин хотынхон тэднээс юу ч үл асууна. Зүгээр л тэд хүмүүсийг тав тухтай байлгах гэж хичээнэ. Асуусан бүгдэд нь хариулсан ч хүмүүсд  хангалтгүй байв. Тэд энэ хотын нууцыг олж мэдэхийг хүссээр.

Хүмүүс хоорондоо хэлэлцжээ. Тэд хотынхон хүмүүсээс ямар нэгэн зүйл нууж байна гэж сэрдэв. Хотын оршин суугчдын энэ бүх зочломтгой занг худал хуурмаг, өөрсдийг нь аргалах гэсэн муйхар арга гэж дүгнэцгээв. Гэтэл диваажингийн хотод бусдаа дагуулж ирсэн өнөөх хүнд нэгэн бодол төрлөө. Тэрээр энэ хотын нууц нь зөвхөн сэтгэлээрээ хооллодогт байна гэв. Нээрээ л хотынхон сэтгэлээ баясгаж эрч хүч, энергээ авдаг байж. Тэгээд хүмүүсийг тэгж чадахгүйг мэдэн албаар өлсгөн хотоосоо хөөн явуулдаг гэж бусаддаа хэллээ. Хүмүүсд сэтгэлээ баясгах нь хоосон зүйл, утгагүй мэт санагддаг байсан тул түүнийг үнэн гэж зөвшөөрөв.

Диваажингийн хотод хүмүүс идэх зүйл хайна. Тэд хотыг бүхэлд нь нэгжиж бусниулав. Энэ хотын оршин суугчид гайхаж эхэллээ. Хэзээ ч байгаа бүхэндээ сэтгэл дундуур байгаагүй хотынхонд юуг нь үл мэдэх зүйл хайж түйвээх хүмүүсийг хараад тэдэнд хачин жигтэй мэдрэмж төрөв. Үнэндээ хотынхонд ийм сэтгэл хөдлөл өмнө нь илэрч байсангүй. Тэгсэн ч тэд хүмүүсд туслахыг хүсэв. Тэд хүмүүсд хүсээд байгаа хоол хүнсийг нь бий болгож өгчээ. Харин идэх хоолтой болсон хүмүүс ингээд зогссонгүй. Тэд хотынхон хүсэл биелүүлж, байхгүйг бий болгох чадвартайг мэдчихэв. Хүмүүс дахин хэлэлцэв. Тэд хотыг эзлэн, оршин суугчдыг өөрсдийнх нь төлөө ажиллуулах ёстой гэж шийдэцгээв…..

Тэртээ олон зуун жилийн өмнө хаа нэгтээ, хэний ч үл мэдэх газар, хэн хүн үл хүрч чадах хязгаарт диваажингийн хот оршдог байжээ. Тэр хот үзэсгэлэн төгөлдөр байгальтай, жаргал дүүрэн хот байсан юм гэдэг…

Leave Your Comment