ЖЕЗЕБЕЛЬ

10 сар 15, 2019   |   by Undrari

“Чи яаж үүнийг аваа вэ?” энэ асуултыг хүн болгон асууж байлаа. “Чи үнэхээр мэдмээр байна уу?” гэж тэр хариулдаг байв. Түүний ёжтой инээд, хүйтэн харц. Тэгж асуусан хүмүүс үнэхээр үнэн хариултыг мэдмээр байсан гэдэгт нь харин би эргэлзэж байна.

Жезебель, түүнийг хүүхэд байхыг санаж байна. Тэр хүүхэд л байсан. Өөр зүйл байхгүй. Бусдын адил хоол унд, орох орон, унтах газар ч байгаагүй. Гэр бүл, ээж аав ч байгаагүй. Зөвхөн хүүхэд насны гэгээлэг, бас дэврүүн зан л байсан. Өөр юу хэрэгтэй байсан юм гэж би боддог. Юу ч байхгүй байсан ч юм бүхэнтэй юм шиг инээж, баясаж чаддаг түүний зангаас илүү тэр юугаар ч дутаагүй. Энэ занг нь түүний хөөрхөн, үзэсгэлэнтэй төрх илүү дэврээж өгдөг байсныг нуух юун. Бусдын хүсээд ч олдохгүй сайхан төрх байсан нь түүний бүх юм байжээ.

Зуны халуун өдрүүдэд гудамжаар хөл нүцгэн инээд алдан гүйх бяцхан охин. Хүн бүр түүний түгээх аз жаргалаас нь авч оронд нь өөрт байгаагаасаа өгнө. Хоол, ундаа, чихэр, жимс, хувцас.. Тэр энэ бүгдийн төлбөрийг инээдээрээ төлдөг байв. Нэг өдөр хүйтэн бороо асгарч, ширүүн салхи салхилан гудамж эзгүйрэхэд охин ганцаараа дуу дуулан бороонд норон тоглож байв. Өөр дээр нь дусах бороон дусал бүр түүнийг инээлгэж, салхинд хөвөх мэт гүйх нь түүнийг харах хүн бүрийг өөрийн эрхгүй инээмсэглүүлэн, дагаад хамт тогломоор болгож байв. Түүний хөөрхөн төрх, хайр татам инээмсэглэл, гэнэн цайлган зан, баяр баяслыг түгээгч сахиусан тэнгэр мэт.

Тэр бага багаар томорч, нялх ялдам төрх нь үзэсгэлэнт бүсгүйн төрхтэй болж эхлэв. Хүн бүр түүний гоо үзэсгэлэнг ам уралдан магтана. Азаар тэр урьдын адил инээмсэглэсээр, аз жаргалтайгаар баясан тоглож, хатуухан амьдралын хар барааныг хөөн зайлуулдаг хэвээр байсан юм. Түүнээс хэн ч юу ч харамлаж зүрхлэмгүй хайр татсан гоо үзэсгэлэн, баяр жаргал байв. Бүсгүйчүүд ч арав гарам насны ялдамхан охинд сайн ханддаг, магадгүй хайрладаг ч байсан байх. Учир нь  түүнд гоо үзэсгэлэнт өөрөөс нь өөр юу ч байгаагүй юм. Эд мөнгө, тансаг хэрэглэл түүний сонирхлыг татадгүй байсан болохоор хэн ч түүнд муу санаагүй юм. Түүний гоо үзэсгэлэнд атаархсан нэгэн түүний хоосон байдалд тайтгардаг байлаа. Тиймээс ч тэр инээсээр л.

Нэг л өдөр түүний инээмсэглэл өөрчлөгдсөн. Тэр инээж байсан ч урьдын тэр үнэ цэнтэй инээд алга болсон юм. Шинэ хүн гудамжаар дайрч гарав. Тэр худалдаа наймаа хийж, гоё тансаг бүрийг сонжин сонирхож байв. Тэр өөрөө ч чамин, гоёмсог залуу эрхэм байлаа. Түүний хажуугаар өнгөрөх охид бүсгүйчүүд бүр эргэж харна. Тэр ч бүгдийг нь анзаарч байгаа бололтой, жуумалзана. Жезебель, чи яагаад бусад шиг анзаарагдахгүй өнгөрсөнгүй вэ. Тэр залуу түүнээс нүд салгаж чадсангүй. Өөрийг нь анзаарахгүй дуу аялан дэргэдүүр нь өнгөрөх залуухан үзэсгэлэнт бүсгүй. Залуу тэсэлгүй гарнаас нь татав. Эргэж хараад инээмсэглэсэн нь түүний сүүлчийн нандин төрх байлаа. Сүүлчийн гэдэг нь дахиад хэзээ ч тэр гэнэн цайлган, ялдам, хонгорхон инээмсэглэсэн төрхийг харахгүй. Залуу түүнд хүссэн бүхнийг нь авч өгөхийг санал болгов. Түүнд юу ч хэрэггүй байсан ч тэр дуугүй л зогсоно. Түүнд хамгийн үнэтэй даашинзыг санал болгоход бүсгүйн харц өөрийн эрхгүй даашинз дээр тогтов. Сувдан хэлхээгээр чимсэн, алтлаг утсаар нэхсэн дэндүү тансаг тэр даашинзыг өмсөхөд тэр өөрөөсөө нүд салгаж чадсангүй. Үнэндээ түүний гоо үзэсгэлэн тэр даашинзыг амилуулж байлаа. Даанч тэр мэдсэнгүй. Тэр гоо үзэсгэлэнгээ голж эхэлсэн юм….

Хүмүүс урьдын адил түүнийг хайрлахаа больж эхлэв. Хүүхнүүд жинхнээсээ атаархаж эхлэв. Эрчүүд түүнийг өөрөөр харах болов. Зарим нь өрөвдөж байлаа. Шинэ залуучууд түүнийг ээлж дараалан болзоонд урина. Тэр үдэшлэгийг чимэж, гоо үзэсгэлэнгээрээ гийгүүлж байв. Түүний инээмсэглэл эрчүүдийг баясгаж байв. Гэхдээ түүнийг өөрийг нь биш.

Жезебель, тэр одоо хүмүүсийн хэлдгээр бүх юмтай болсон. Амттай бүхнийг идэж, тансаг өргөөнд амьдарч, олон хүмүүсээр хүрээлүүлж. Харин урьдын аз жаргал, инээд баясал байхгүй болж. Тэр юу ч үгүй болжээ. Гоо үзэсгэлэнгээ эд юмсын ард далдалж тэр хоосорчээ.

“Жезебель, чи яаж үүнийг аваа вэ?” – “Чи өгсөн болохоор, чи хүссэн болохоор…..”

Leave Your Comment