..нүдээ нээлээ…

10 сар 14, 2019   |   by Undrari

Би нүдээ нээлээ. Нар, салхи, агаар, хөрс шороо, ургамал.. Босоод хэд алхлаа. Энэ үнэр нэг л дотно. Өнгө алагласан цэцэг, өвс ногооны үнэртэйгээ холилдоод ямар их амар амгалан бэ? Тэртээд харагдах уулсын бараа нүдэнд үзэгдэх орчныг гайхалтайгаар чимэж байх юм. Дээшээ нэг харлаа. Үүлс хөвөөд л, цэнхэр тэнгэр сиймхийгээр нь цухуйна. Нарны гэрэл ямар хурц юм бэ, илч нь ямар дулаан юм бэ… Эргэн тойрноо хараад ханашгүй, хязгааргүй их орчлон. Би инээмсэглэлээ. Сэтгэлээс минь ундрах аз жаргалыг мэдэрлээ.

Дахиад цаашаа алхлаа. Усны чимээ сонсогдож байна. Хаана байна тэр ус. Дэргэд минь ойрхон горхи урсаж байлаа. Гүйн очоод тулаад зогсов. Өвдөглөн суугаад гараа дүрэхэд хүйтэн гэхдээ сэрүү татуулсан сайхан мэдрэмж. Тунгалаг ус урсаад л. Алган дээрээ аваад амсаж үзэв. Хоолойгоор зөөлөн урсан орох энэ ус надтай уусан, намайг тэтгэж байгаа мэт. Дахиад л өөрийн эрхгүй инээж орхилоо. Би чинь ус олчихсон шүү дээ. Дахиад ихийг уухаар нүүрээ ус руу дүрэв. Ямар хөгжилтэй мэдрэмж вэ? Бүр бүх биеэрээ дотор нь ормоор санагдаад шууд л тэр ус руу унаад өглөө. Зугаа, цэнгэлийг би мэдэрч байна. Ингээд л устай тоглоод л, салхитай ярьж, наранд эрхлээд л баймаар.

Усан дотор нэг зүйл байсныг сая дөнгөж анзаарав. Хүн. Миний тусгал байж. Би өөрийгөө харлаа, гоо үзэсгэлэн, сэтгэл татам, аз жаргал. Би өөртөө дурлалаа.

Аз жаргалыг мэдрэх бүртээ би өөрийгөө улам бүр хайрлана. Энэ аз жаргал намайг баясгаж, би улам их аз жаргалыг дахиад хайна. Гэвч….. инээмсэглэл минь багасч байна. Сэтгэлээс минь урсаж байсан тэр таатай мэдрэмжүүд илүүг хайсаар сарниж эхэлжээ.

Бүлээн салхи намайг илбэхэд би түүнд эрхэлдэг байв. Харин хүйтэн салхи намайг дааруулахад би уурладаг болов. Салхи миний гоо үзэсгэлэнд атаархаж байгаа мэт санагдаж, тэр намайг муухай болгохоор хүйтнээс хүйтэн үлээж байх мэт. Би салхийг үзэн ядаж эхэлсэн юм. Би түүнээс нуугдах гэж нөмөр нөөлөг газрыг хайж, түүндээ бүгдэг болов.

Хөрс шороо намайг халтардуулаад байв. Би түүн дээр гишгэмээргүй байна. Миний зөөлхөн арьсанд ямар харгис ханддаг юм бэ? Дахиж газарт хөлөөрөө гишгэмээргүй, гараараа хүрмээргүй болов.

Ургамал,цэцэгс харин надаас нүүрээ буруулсангүй. Тэр намайг баясгаж, баярлуулдаг хэвээр байв. Тиймээс ч тэр минийх байх ёстой гэж би үзсэн юм. Би өөрт хэрэгтэй ургамал бүрийг зулгааж, өөрт таалагдсан цэцэг бүрийг тасдаж дэргэдээ байлгаж байв. Тэд удалгүй үхэж байсан ч дахиад шинийг олохоор би явна. Ургамал, цэцгүүд надаас зугтаж эхлэв. Тэд надаас нуугдаж олдохоо болив. Би гэхдээ бууж өгөөгүй. Би заримыг нь хүчээр дэргэдээ байлгаж байв. Гэхдээ үргэлж өмнөх шигээ үзэсгэлэнтэй биш ч надаас зугтаж, нуугдаж чадахгүй энэ ургамал, цэцгийг би өмчилж байв.

Тэр уул, тэр хад чулуу, энэ газар дэлхий бүгд минийх. Тэд намайг хайрлах ёстой. Тэд миний төлөө оршиж, надад л аз жаргал өгөх ёстой.

Ус… Ус урсаж байна. Хаашаа урсаад байгааг би мэдэхгүй ч, намайг орхиж байгаа мэт мэдрэмж төрнө. Урсаад ирдэг ч, урсаад л явдаг. Дандаа яагаад эндээ байдаггүйд нь уур хүрч, бас гомдоно. Би түр зуурын найз нь баймааргүй, би үүрдийн хайр нь баймаар байна. Гэхдээ усыг би яаж ч чадаагүй. Тэр хэтэрхий бардам, хэтэрхий хувиа хичээгч. Тэр намайг байхгүй байсан ч яахав гэж хандана. Гэхдээ би түүнгүйгээр амьдарч чадахгүй. Анх надтай баярлан, баясгаж уулзсан шигээ байхаа болив. Гунигтай тэр урсгал намайг шаналгаж эхлэв.

Хязгааргүй их хайр минь… Өөрийгөө л хайрлах миний хайр… энэ биендээ ахдаж байна. Би зовж, тарчилж, хайрандаа жаргаж чадахгүй, илүүг хүсэх шуналдаа шатсаар уналаа.

Би нүдээ анилаа. Нар, салхи, агаар, хөрс шороо, ургамал… Энэ үнэр нэг л дотно. Би амьсгалсаар байна. Энэ илч, дулаахан нарны илч. Би дулаацаж байна. Усны чимээ сонсогдсоор. Тэр минь урссаар л байна. Сэтгэлдээ би аз жаргал, амар амгаланг мэдэрлээ.

Би нүдээ нээхийг хүсэж байна. Би алхмаар байна. Би ус руу шумбамаар байна. Би ургамал, цэцгийг үнэртмээр байна. Би дахиад гүймээр байна. Байгаль ээж минь байдгаараа байсаар л байна, нар тэнгэртэйгээ намайг ивээсээр л байна. Би тэд нартаа хайрлуулсаар л байна. Харин би л хэнийг ч, юуг  ч хайрлаагүй байжээ.

Хайр даагаагүй өчүүхэн хүн би…..

Leave Your Comment