Чиглэлийг нь мэдэхгүй галт тэрэг

10 сар 11, 2019   |   by Undrari

Өдөр бүр би нэг замаараа ирж буцдаг юм. Замд минь тааралдах олон хүмүүс, бас олон үйл явдал. Заримдаа энэ замаасаа уйдан өөр замаар явна. Тойруу, хол, эсвэл бартаатай, зарим нь бүр илүү дөт ч байв. Шинэхэн нээсэн зам маань их л удалгүй хуучирч, ахин дахин явсан ахиад л нөгөө уйтгартай жим болно. Хажуугаар өнгөрөх уйтгартай, баяртай, том, жижиг, хөгшин, залуу олон хүмүүстэй таарна. Зарим нь ч намайг таньдаг болно. Ихэнхдээ олон тааралдаад ирэхээр нэрээ мэдэлцээгүй байж л эртний танил шиг инээмсэглэн толгой дохиод өнгөрцгөөнө. Гэхдээ бүгд биш л дээ. Түүн дотор муухай ааштай, ярвагар хүмүүс ч бас байна. Өдөр бүр өнөөх царайг харахаас залхмаар тийм л  онцгүй хүмүүс ч олны дунд байдаг байв.

Хаагуур ч явсан би нэг л галт тэрэгний зогсоолын хажуугаар заавал явж таардаг байв. Эхэндээ би тэр зогсоолыг байдгийг анзааралгүй олон өнгөрсөн юм. Нэг өдөр тэр зогсоол өөрийн эрхгүй анхаарал татаж би орох хаалга руу нь харан зогсов. Өмнө нь нүдэнд тусаагүй ч, хэдий нь мэддэг байсан тэр зогсоолыг хэсэгхэн зуур харж зогссон юм. Зогсоолын барилгын үүдний хэсгийн өмнө хашаалан хаасан, тасалбар уншуулан явган орох жижиг хаалт хийсэн байв. Тэрхүү хаалтнаас цааш хэсэг алхаад зогсоолын төв хаалга харагдана. Зогсоолын барилга руу орох том хаалга. Галт тэрэг ирж явж байгаа нь харагдахгүй.  Гаднаа хаяггүй, явах чиглэл, галт тэрэгний дугаар тодорхойгүй, хаяг самбар ч үгүй, онцгой гойд хийцгүй, тэгсэн мөртлөө хуучраагүй, цэвэрхэн бас даруухан нэг өртөө. Цаг намайг яаруулан удаан сааталгүй би цааш замаа хөөлөө.

Түүнээс хойш би дахиад л тэр зогсоолыг бараг мартсан байв. Нүдний минь буланд тийш орох хүн сонин санагдах хүртэл би тэр зогсоолыг дахин анзаараагүй байлаа. Миний урдуур маш гунигтай харц өнгөрсөн юм. Итгэлгүйхэн алхах тэр хүн галт тэрэгний зогсоол руу харц салгалгүй ширтэн алхана. Галт тэрэгний зогсоол тэр хүнийг ховсдон өөр лүү гээ татаж байгаа юм шиг. Юунаас ч илүү тэр харц, гуниг, өрөвдөлтэй төрх. Энгийн нэг даруухан хувцасласан тэр залуу хаачих гэж байгаа юм бол? Би зогсон түүний араас харж байв. Нөгөө залуу зогсоолын орох хаалтанд тулж зогсоод эргэж нэг харав. Яагаад ч юм би түүнийг явуулмааргүй санагдсан боловч би юу гэж дуудахаа, яахаа мэдэхгүй гацсан байв. Хол байсан ч би түүний уйлж байгааг мэдсэн юм. Сэтгэлдээ, магадгүй төсөөллөөрөө би түүний нулимс хацрыг нь даган урсаж байгааг харсан юм. Тэр эргэж хараад орох хаалтыг үсрэн давахад хаа нэгтэйгээс зогсоолын хамгаалагч нар түүн рүү чиглэн гүйв. Тэрээр зугтан гүйсээр зогсоол руу орох хаалгыг татан гүйн ороход хаалга ард нь хаагдаж хамгаалагч нар наана нь тулаад зогсов. Тэд араас нь орсонгүй. Тасалбаргүй зорчигч хэдийн зогсоол руу орсон болохоор магадгүй тэд түүнийг явуулчихдаг бололтой. Би зогсоол дотроос түүнийг бариад гаргаад ирэх байх гэж зогсоолын хаалгыг онгойхыг хүлээн зогсов. Олон хүн тэр хаалгаар орох боловч нэг ч хүн буцаж гарч ирээгүй юм. Дахиад л цагтаа баригдан би өөрийн замаараа байн байн эргэн харсаар цааш явлаа.

Маргааш нь би тэр зогсоолын барилга руу яаран очсон юм. Тийшээ орж байгаа хүмүүс хаашаа явж байгаа юм бол?.. Жаахан хүү ганцаараа зогсоолын хаалтыг онгойхыг хүлээн зогсоно. Хамгаалагч хүү дээр хүрч ирэхэд хүү түүний царай өөд ширтэв. Хамгаалагч хүүг хараад хаалтыг онгойлгож өгөөд эргэн алхан явав. Хүү хаалтыг өнгөрөн хаалга руу дөхөхөд түүний араас нэг эмэгтэй уйлан дуудсаар гүйн ирлээ. Хаалтанд тулан хүүгээ буцаж ирэхийг гуйн дуудсаар. Хүү эргэж харан ээж рүү гээ даллаад яваад өгөв. Би тэр ээжийг араас нь орохгүй үлдэж байгааг харсаар цааш явлаа.

Заримдаа тэр өртөөн дээр баяр болдог байв. Аз жаргалтайгаар нэгнийгээ үдэн гаргаж байгаа хүмүүсийг харна. Салж ядсан ч инээмсэглэн явж байгаа аав хүн. Хаалтны цаана гарахад буцах замгүй болж байгаа тэдгээр хүмүүсийг харахад гунигтай ч юм шиг.

Миний цаг хэзээ ч надад тэр зогсоол дээр удах боломж олгодоггүй байсан юм. Секундын зүүний чимээ “хурдал, хурдал” гэж яаруулж байгаа мэт жаахан саатахад л улам чанга цохилдог байв. Би зогсоолыг удаан ажиглаж чадалгүй өөрийн замаараа хурдлан алхана.

Би нэг өдөр тэр зогсоолын хажуугаар өнгөрсөндөө харамсаж билээ. Зогсоолын хамгаалагч нар залуухан бүсгүйг хүчээр өртөө рүү авч орж байв. Тэр энгэртэй нялх үрээ тэвэрсэн байсан юм. Түүнийг явуулахгүй гэж бүсгүйн аав, ээж хоёр нь бололтой хамгаалагч нартай чадлаараа үзэлцэж, охиноо салгаж авах гэж хичээж байв. Харин тэр хамгаалагч нар илүү хүчтэй байсан юм. Хаалтаар орохдоо энгэртээ тэвэрсэн үрийг нь салгаж ээж аавд нь тэврүүлж үлдээгээд тэр бүсгүйг цааш аван хаалгаар оруулсан юм даа. Би тэр өдрөөс хойш тэр зогсоолыг мартахыг хүссэн. Дахиж хажуугаар нь өнгөрөхдөө харахгүй байх гэж хичээн газар луу ширтэн, алхаагаа хурдасгаад, бушуухан өнгөрөн оддог болов.

Анзаарахгүйг хичээх тусам тэр зогсоол дээрхи зорчигч нарын гунигтай бас аймшигтай үйл явдал ихсэх мэт харагдах боллоо. Хоёр эрэгтэй хоорондоо маргалдан хаалтны наах нь зогсож байв. Маргаан улам ширүүсч нэг эр нь нөгөөгөө хүчтэй цохиход унахдаа хаалтыг даван унасан эрэгтэй сандран босож хаалтыг онгойлгон буцаан гарах гэж сандрав. Түлхэн унагаасан эрэгтэй ч гэнт ухааран түүнийг буцааж хаалтан дээгүүр давуулах гэж татахад хамгаалагч нар хэдий нь ард ирчихсэн унасан эрийг буцааж татан цааш хаалга руу чирэн явав. Сандарсан хоёр эр бие бие рүүгээ зүтгэсэн ч наана үлдсэн нь хаалтыг давж зүрхлэхгүй, харин нөгөө нь чирүүлсээр зогсоолын хаалга руу орлоо. Тэр үед анх хаалтыг даван хамгаалагч нараас зугтан байж орж байсан залууг санасан юм. Чухамдаа хаашаа явдаг, хаана аваачдаг галт тэрэг эндээс хөдөлдөг болоод ийм их гуниг энд байдаг юм бол?

Дахиад л уйлах чимээ. Өдөр бүр өнгөрөхдөө би өмнөх баяр баясал, тайтгарал, бас ухаарлыг биш зөвхөн гуниг хардаг болов. Бачууран байж хажуугаар нь өнгөрөхдөө би зугтмаар болдог байв… Гэтэл нэг өдөр маш тайван хаалга руу зүглэх хүнийг харлаа. Гав ганцаараа байсан ч түүнд жаахан ч гуниг байсангүй. Бас тэр огтхон ч эргэж харсангүй. Тэр амандаа дуу аялж байв. Тэр намуухан аялгуу эргэн тойронд дуугарах бүх чимээг даван надад сонсогдож байлаа. Тайтгарал, баясал мэдрүүлсэн аяыг амандаа аялан зөөлөн гишгэлэн явах тэр хүнээс зөвхөн аз жаргал мэдрэгдэж байв. Тэр зогсоол руу орох хүн болгон түүн шиг гэрэлтээсэй гэсэн хүсэл өөрийн эрхгүй төрөв.

Миний цаг зогсолтгүй дуугарч, зам зуур саатахад цагийн зүү чанга цохилно. Би галт тэрэгний зогсоолын хажуугаар ахин удаан саатахаа больсон юм. Өдөр ирэх тусам тэр зогсоол улам анзаарагдахаа больж, би ч сатааралгүй өөрийн замаараа явсаар,  цагаа дахин чанга цохилуулж сандаргаагүй юм.

Нэг л өдөр би өөрийн замаар инээмсэглэн явж байхад цаг минь зогсоно. Тэр үед би тэр зогсоолын урд ирсэн байна. Орох тасалбар минь цохилохоо больсон цаг минь болж би оньсого мэт өнөөх өртөөний том хаалга руу орон аялалд гарна. Харин тэр үед би эргэж харалгүй инээмсэглэсэн хэвээр орохыг хүсэж байна. Намайг үдэх хүмүүс аз жаргалтай баяртай гэж даллахыг хармаар байна. 

Undrari, 2019.09.24

Leave Your Comment